Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийн 19.00 цагийн орчимд 0006 УНК улсын дугаартай хар өнгийн G Class маркийн машинтай залуус МУБИС, Улаанбаатар их дэлгүүр, “Хүнсний 20”-ын автобусны буудлын ойролцоо иргэдэд их хэмжээний мөнгө тарааж, 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэрт цацсан талаар фэйсбүүк болон твиттерээр цацагдаж байв.

Харин уг үйл явдлыг харсан гэрч “Би өчигдөр 19.00 цагийн орчимд Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсож байлаа. Тэнд ойролцоогоор 40 гаруй хүн байсан. Гэв гэнэт хүмүүс нэг зүйл рүү хошуурч, бөөгнөрөөд байхаар нь очиж сонирхтол 0006 УНК улсын дугаартай хар өнгийн G Class маркийн машинтай залуус 10-20 мянган төгрөгийн дэвсгэрт тарааж, хүмүүс рүү цацаж байсан. Би тэр хүмүүсийн царайг харж амжаагүй. Хүмүүс мөнгө авах гэж улайран зүтгэж, зарим нь бүр хоорондоо хэрэлдсэн. Нэлээн их мөнгө тараасан. Тэд мөнгө тараачихаад явсан. Дараа нь Улаанбаатар их дэлгүүр, “Хүнсний 20”-д мөнгө тараасан гэнэ лээ” хэмээв.

Залуус уг үйлдлээ эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулсан гэж тайлбарласан байдаг. Тэгвэл цагдаагийн байгууллагаас машины эзэн хэн болох ямар учиртай мөнгө тараасныг шалгасан байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Мөнгө цацсан залуу нэгэн барилгын компанийн захирал. Тухайн өдөр эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү иргэд рүү мөнгө цацсан" гэжээ Одоогийн байдлаар мөнгөний хэмжээ нь 700-800 мянган төгрөг орчим болоод байгааг эх сурвалжууд мэдээллээ. Мөн дээрх үйл явдлыг ямар нэгэн сонгуультай холбоогүй гэдгийг ч онцолсон юм. Энэ талаарх мэдээллийг бид эргэж дэлгэрэнгүй мэдээлнэ.