Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 05-р сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна.Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ Мэдээлэлтэй байх,мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн 180 орноос 54-т явна. Эхний тавд Скандинавын орнууд оржээ. Туркменистан, Хойд Солонгос, Эритрей улсууд сүүл мушгиж байна.

Монголын цахим ертөнцийн сэтгүүлчдийн хувьд эрхээ эдэлдэг шиг үүрэг хариуцлага, ёс зүйгээ баримтлан бусдын оюуны өмчийг дээдлэн, бусдын хөдөлмөрийг үнэлж мэдээ угаахгүй, эх сурвалжийг дурьдаж "занших" хэрэгтэйг мэдээ мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайтын хамт олноос уриалж байна.

Монголын сэтгүүл зүйг түүчээлж байсан үе үеийн ахмад сэтгүүлчид, эдүүгээ түүчээлж байгаа мэргэшсэн сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж ард түмнийхээ үнэнийг мэдэх эрх ашигт үйлчлэх эрхэм бөгөөд хариуцлагатай албанд нь өндөр амжилт хүсье.