Иргэдийн авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ тэнгэрт хадах нь ээ энэ хавар. Ажилгүйчүүдийн эгнээг үүдээ барьж буй компани, байгууллагын ажилчид тэлсээр байгаа нь нууц биш ээ. Сүүлийн нэг жил 10 мянга гаруй иргэд ажилгүй болжээ. Үүнийхээ улмаас нийгмийн даатгалаас ажилгүйчүүдийн тэтгэмж авдаг 7 мянган иргэн байсан бол энэ нь хоёр дахин нэмэгдэж 14 мянга болж нэмэгджээ.

 

Ажилтай иргэд ядуураад байгаа нь төр засаг ард түмнээ гэсэн тогтвортой бодлого баримтлахгүй байгаагийн илрэл гэж Монголын үйлдвэрчний эвлэл үзэж “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдлэе” уриатай жагсаалыг хийсэн юм. Тэднийг улс төрчиж байна гэж та бүү хардаарай. Тэд ингэж иргэнийхээ, ажилчдынхаа төлөө үгээ хэлж, шүүмжлэх эрхтэй улс.

Цалингаа голж ажил хаялт зарласангүй хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Цалин нэмэгдээгүй байхад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна гэж ажилтай иргэд жагсаж байхыг урьд өмнө нь хараагүй. Тэгвэл төрд иргэдийг төлөөлж гарсан 76-аа иргэдээ ядууралд оруулж, туйлдууллаа.

Тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт цалин нэмнэ гэснийг яаралтай ажил хэрэг болгож, энэ сарын 15-ны дотор УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, бодитой шийдвэр гаргахыг шаардсан юм. Ажлын байрны талаар асуудал хөндөж байгаагийн хувьд дахин нэг асуудал дэвшүүлье. Юу гэхээр хөдөлмөрийн хууль хувийн хэвшилд үйлчлэхгүй дор зоргоороо хэрэгжүүлж байгаа нь басхүү иргэдийг хохироож байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдэх цаг нь болсон.

Ам.долларын ханш 1680 төгрөг байхад цалин нэм гэсэн шаардлагыг Засгийн газарт үйлдвэрчний эвлэлүүд тавьж байжээ. Гэтэл одоо ам.долларын ханш 2030 төгрөгт хүрсэн. Гэтэл үүнийгээ дагаад мах, гурилын үнэ нэмэгдэж байна. Мах нэг килограмм нь 10 мянган төгрөгт хүрчихлээ.

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн их эмч С.Туяа "эмнэлгийн эмч, сувилагч нар нойр, хоолоо хасан байж иргэдээ эрүүл байлгахын төлөө ажилладаг. Гэвч тэдний авдаг цалин, цаас харж, хэрэг шийдвэрлэдэг шүүгчдийнхээс бага. Эмчийн цалинг 2-3 саяд хүргэвэл хийж буй хөдөлмөртэй нь дүйцэж очно" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн “Алтан балеш” компанийн замын инженер Д.Гантөмөр "Сүүлийн хоёр жилд хийсэн ажлын хөлсийг минь Сангийн яам өгөхгүй гацаасан" гэлээ.

Цалинтай иргэд нь ингэж байхад нөгөө орлогогүй ажилгүй яваа хэд нь ямархуу дүр зурагтай амьдарч байгаа нь ойлгомжтой.