“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулсан.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны 83 орчим хувийг төр, 17 хувийг иргэд, 0.3 хувийг 550 гаруй компани эзэмшдэг. Харин иргэн бүрт олгосон 1072 хувьцааг 1.3 саяаас 800 000 төгрөгөөр худалдан авч байгаа гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу нийслэлийн дөрвөн хэсэгт иргэд цуглан хувьцаагаа худалдаалахаар хүлээлт үүсэх болсон. Харин захиран зарцуулах эрх нь үсээгүй байхад “амьгүй” хувьцааг зарах, бэлэглэх эрх үүсэхгүй гэнэ. Тиймээс ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ. Энэ талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран мэдээлэл өгсөн юм.

 

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг хэлмээр байна. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болвол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаагаа зарж байна гэх иргэдийн мэдээллийн мөрөөр шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэдгийг хэлсэн юм.

Гэвч энэхүү мэдээлэл иргэдэд төдийлөн нөлөөлсөнгүй бололтой өнөөдрийг хүртэл Урт цагааны гудамжинд хувьцаагаа зарахаар цугласан хүмүүс хонон өнжин байсаар байна. Үүнтэй холбогдуулан дөнгөж сая Улаанбаатар хотын цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, Т.Жамбаажамц: “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг арилжиж байна, худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 5, 6-наас эхлэн олон нийтийг хамарсан шинжтэй болоод, хүмүүс маш олноор цугларч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж үрж болдог болох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна.

Эрх бүхий, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын шийдэх хэрэг. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд худлаа, хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж хэлж болохоор зарим нэг брокерийн компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс захиргааны арга хэмжээ аваад, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан. 1072 хувьцааг зөвхөн Хөрөнгийн биржээр дамжуулан зарна. Гар дээрээс зарахгүй.

Өнгөрсөн доло хоногт “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаан болсон. Хуралдаанаар иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн байгаа” гэв.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: “Цагдаагийн байгууллагаас нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэдэг асуудалд холбогдох шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй. Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа. Цагдаагийн байгууллагаас энэхүү шалгалтыг үргэлжлүүлээд энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна. Тодорхой үр дүн гарсны дараа эргэн мэдээллэх болно. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол санал ирж байгаа. Амгалан тайван байдал алдагдуулах, тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж байсан иргэний өмч хөрөнгөд халдсан тохиолдол хүртэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ мэтчилэн нийгмийн дэг журам зөрчигдөх асуудал ихсэх хандлагатай байгаа. Тиймээс иргэд бодит мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч хамтран ажиллах хэрэгтэй байна” гэв.