Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 28. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 9 цаг 55 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.