Өнгөрсөн долоо хоногт Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ жилийн сонгууль дуучин, хөтлөгч, бөх гээд сонин, содон нэр дэвшигчтэйгээрээ өмнөх сонгуулиудаас онцлогтой болох нь. Тухайлбал, дуучин Г.Эрдэнэтунгалаг, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Тахилч З.Алтангэрэл гэх мэт "эрээвэр, хураавар" хүнийг олноор нэр дэвшүүлж буйгаараа Ардчилсан нам Монгол ардын намаас илүү сюрпризийг ард түмэндээ барьж байна.

Ингээд УИХ-ын 49, 50, 51, 52, 53, 54 дүгээр тойрог болох Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь, хэн бэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё. Тус дүүргийг хотын "үхлийн тойрог" гэж нэрлэдэг билээ. Эрх баригч Ардчилсан намаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин, Р.Булгамаа нар тус дүүрэгт нэр дэвших бол Монгол Ардын нам УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг, БЗД-ийн засаг дарга асан Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Ч.Төмөрчулуун, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарыг нэр дэвшүүллээ.

 

Хүч тэнцвэргүй тулаан

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ тойрогт БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзоригтой хүч үзэхээр болжээ. Энд хүч тэнцвэргүй тулаан гарч магадгүй. Гэхдээ Б.Батзоригийг Ч.Сайханбилэгтэй харьцуулбал харьцангуй нэр цэвэр хүн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд улс төрд утсан хүүхэлдэй гэх хочийг зүүгээд амжсан нэгэн. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын гэрээг Дубайд үзэглэснээс хойш түүний нэр хүнд бүр унаж, ёстой л шавартай хутгалдсан. Улс төр дэхь сөрөг хүчин болон бие даагчид түүнийг дээрх гэрээг Монголын талд ашиггүй хийсэн хэмээн баалдаг. Монголын эдийн засгийн форумын үеэр хариуцлагагүй мэдэгдлийг хийж олон хүний бухимдлыг төрүүлсэн тэрбээр Азийн хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр мөн л Ерөнхий сайдын амнаас гарахааргүй үг хэлж эх орныхоо нэр хүндийг унагасан. Тухайлбал тэрбээр “Монгол Улс бол хамгийн ардчилсан малтай. Тэгэхээр монголын мал руу хөрөнгө оруулаарай” гэх мэт бусдын элэг доог болохоор үгийг чуулганы индэр дээрээс хэлж зогссон нь түүнийг ямар хэмжээний улс төрч болохыг илтгэлээ хэмээн гадаад дотоодын хэвлэлүүд онцолж байсан юм.

 

Түүнийг Ерөнхий сайдын хувиар бие даасан шийдвэрийг зоригтой гаргаж чаддаггүй. Хэн нэгний үгээр хөдөлсөөр яваад томоохон ажлуудыг гацаасан хэмээн түүнийг улс төрийн хүрээнийхэн шүүмжилдэг билээ. Хамгийн ноцтой нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын эдийн засаг хямарч иргэдийн амьдрал элгээрээ мөлхсөний гол бурууг Засгийн газрын буруу бодлоготой холбон тайлбарлаж болох юм. Тэрбээр Ерөнхий сайд болохдоо “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж ярьж гарч ирсэн. Харамсалтай нь эдийн засгийн засгаа өөд нь татах дорвитой ажлуудыг тэрбээр хийж чадсангүй.

 

 

Д.Зоригт ба Д.Оюунхорол

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд жагсаалтад орно гэдэгтээ итгэж тойргоо услалгүй хаяснаас болж энэ удаагийн сонгуулиар Завхан руу очиж чадсангүй. Түүний хувьд өнгөрсөн гурван сонгууль дараалан Завханаас сонгогдон УИХ-д суусан юм. Харин энэ сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Зоригтын хувьд ч мөн ялгаагүй өмнө нь Өвөрхангайгаас УИХ-д суусан ч мөн л түүнд буцаж энэ тойрогтоо очих нүүр байсангүй.

АН-ын дарга З.Энхболд хэд хоногийн өмнө оффшор бүсэд данстай гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн хатуухан мэдэгдэж байсан тэрбээр хэлсэндээ хүрсэнгүй. Үүний нэгэн илрэл нь УИХ-ын гишүүн Д.Зоригт энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болсон хэрэг юм. Түүний нэр Ардчилсан намын ҮЗХ-ын хурлаар баталгаажсан байна. Тэрбээр 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Монголын толгой баячуудын нэг. Бермудын оффшор бүсэд байх түүний дансанд 30 сая ам.доллар байгаа гэдэг баримт нь олон нийтэд ил болсон билээ.

 

Б.Болор, Ж.Энхбаярын хэн нь ялах вэ?

 

Сангийн сайд Б.Болор тус дүүрэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай өрсөлдөхөөр болсон байна. Нас ойролцоо эдгээр эрхмүүдийн хэн, хэн нь улс төрд өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулсан. Хоёулаа өмнө нь хөдөө орон нутгаас сонгогдож байсан. УИХ-ын гишүүн Б.Болорын хувьд 2012 оны сонгуулиар Архангай аймгаас сонгогдож байсан бол Ж.Энхбаяр Говь-Алтай аймгаас хоёр дараалан сонгогдож УИХ-д суусан юм. Хэн, хэн нь хэл, ам хэрүүлд тэмцэлд орооцолдоод байдаггүй нэр цэвэр улс төрчид.

 

Хуучин, шинэ буюу Д.Арвин, П.Анужин, Р.Булгамаа, Б.Саранчимэг

 

Тус дүүрэгт Д.Арвин, П.Анужин нар өрсөлдөхөөр болсон байна. Д.Арвины хувьд 2012 оны сонгуулийн үр дүнд тус дүүргээс УИХ-д суусан юм. Мөн энэ онд Монгол Ардын намаас гарч Ардчилсан намд элсэн орсон билээ. Парламент дахь бодлогогүй үг яриагаараа алдартай гишүүдийн нэг. Д.Арвин Хэнтий аймагт хийсэн зүйлгүй болохоор Баянзүрх дүүрэгт ирсэн гэдэг. Харин тэрбээр мөн л энэ дүүрэгт дорвитой ажил хийгээгүй гэдгийг ч дүүргийн иргэд хэлдэг. Харин П.Анужин "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээрээ олонд танигдсан. Цэгцтэй үг хэллэг, өндөр боловсролтой сайхан бүсгүй хэмээн монголчууд түүнийг үнэлдэг. Гэтэл сүүлийн үед гэр бүл салгасан гэх хэл аманд өртөж, багагүй шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Энэ удаагийн сонгуульд Баянзүрхчүүд хуучин хүнээ сонгох уу, шинэ төлөөлөлтэй болох уу гэдэг нь олны анхаарлыг татсан сэдэв болоод байгаа юм.

 

Энэ удаагийн сонгуулиар БЗД-т улс төрч олон эмэгтэй хүч үзэж байна. Тухайлбал, Д.Арвин, П.Анужин, Д.Оюунхорол нараас гадна Р.Булгамаа, Б.Саранчимэг нарын эмэгтэй улс төрчид энэ дүүрэгт өрсөлдөх гэж байна. Р.Булгамаагийн хувьд ИЗНН-ын угшилтай хүн. Харин Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүлээлэнг өдий зэрэгт болгож хөгжүүлсэн тустай нэгэн. Ногоон орчин, цэцэрлэгт хүрээлэн, цэцэг навч ярьж явдаг энэ эмэгтэй МАН-ын гол найдваруудын нэг юм.

 

Мөн энэ тойрогт өрсөлдөж буй бас нэгэн хүн бол хоосон улс төржилт хийдгээрээ алдартай "популист" улс төрч Ж.Батзандан. Эх орон, ард түмэн ярьдаг болохоор нь нийт масс түүнд жигтэйхэн сайн байдаг гэдэг. Харин түүнтэй НИТХ-ын Ч.Төмөрчулуун өрсөлдөх аж.

 


 

Нийслэлийн хамгийн их хүн амтай, хатуун тойрог гэгддэг Баянзүрх дүүрэгт энэ удаагийн сонгуулиар төсөөлж байгаагүй үр дүн гарч мэдэхээр байна.

24tsag.mn