Турахын хүслэн болж өдөрт ганц аяга жимсний шүүс уухаас өөрөөр ходоод руугаа юу ч хийхээ больсон найзад минь эмээ нь ингэж хэлсэн юм. “Турна, турна гэсээр юу ч идэж уухаа больсноор харангадаж унах вий дээ. Одоо ч яахав, хэдэн кг хиймлээр хасдаг л юм байгаа биз.

Насны эцэст өвчний үүр болох вий” гэж байна лээ. Тэдний эмээ эмч, эсвэл анагаахын чиглэлийн хүн огт биш. Гэхдээ л жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж үг бий. Эмээгийн энэ үгийг эмч нар ч батлан хэлэх л байх. Сүүлийн хэдэн жил хүүхнүүд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас болж бий болгосон илүүдэл жингээ хаяхын тулд хэдэн ч өдрөөр хамаагүй хоол унд идэхээ больсон. Ингэснээр тухайн хэдэн өдөртөө хоёр, гурван кг хасдаг л байх. Гэхдээ ингэж турахыг аль ч чиглэлийн эмч хүлээн зөвшөөрдөггүй. Олон өдөр ходоодоо хоосон байлгахын сөрөг үр дагавар их. Өнөөдөр биш юм аа гэхэд яваандаа ходоодны шарх үүсэх, цөс чулуужих, бөөрний дутагдалд орох гээд олон өвчний суурийг тавьдаг гэнэ шүү. Бие махбод хоол тэжээлээс өөрт хэрэгтэй зүйлээ авч байдаг. Гэтэл тэжээлийн эх үүсвэр нь үгүй болохоор мэдээж хэрэг сайн биш байж таараа. Тиймээс турахын тулд хоолоо сойх нь өөрийгөө хордуулж буй хүний арга.

Насны эцэст өвчний үүр болж үр хүүхдээ зовоох вий. Түүний оронд хөдөлгөөн хийгээд, зөв хооллоод үзээрэй. Зургаан сарын турш өдөр бүр тогтмол дасгал хийгээд, эрүүл хоол идсэний дараа үр дүн илт мэдэгдэнэ. Тиймээс хоолоо идэхгүй турна гэхийнхээ оронд дасгал хөдөлгөөнийг сонгоорой.