-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР...-

Түрүүч нь №143 (5408) дугаарт

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Буйр нууранд осолдож амиа алдсан дөрвөн загасчны хэргийн мөрөөр бэлтгэсэн цуврал сурвалжлагаа уншигчдадаа хүргэж байгаа билээ. Буйрынхан өвөл арванхоёрдугаар сар, нэгдүгээр сарын үед загасчлаад дахин загасчлах үе ирэхийг хүлээж байжээ.Нуурын мөс хайлахыг хүлээж байсан гэсэн үг. Хил дамнан орших Буйр нуурын мөс гол мөрөн шиг ганц, хоёрхон өдрийн ээх наранд гэсчихгүй. Эрэг хавь захаасаа уяран ханзарч хэдэн өдөр хагарсан мөсөө соронз мэт нааш, цааш түлхэж байгаад нэг л өдөр хар цайнд хийсэн ёотон шиг л уусчихдаг байна. Харин ослын өмнөх өдрийн орой нуурын мөс эргээсээ нэлээд ханзарч, цаг агаарын байдал ч их тогтуун, нар ээгээд нутгийн зон олонд урин цагийн аяс цаанаа л сайхан санагдаж байж. Осол болохын урьд өдрийн орой нар шингэхээс өмнө талийгаачид хамт явж нууранд загас барихаар тор тавьжээ. Нэг торонд дунджаар 5-10 загас ордог юм байна. Аз таарвал таван загаснаас дээш ордог хэмээн нутгийнхан ярьж байсан. Тэд хэд хэдэн удаа гар нийлж загасчилж байсан учраас хэн хэнийхээ ааш араншинг андахгүй. Тус тосгонд хүргэн болж ирээд таван жил амьдарч буй гэх Мөнхжаргал портер машинтай. Түүний машинаар нуур гэр хоёрын хооронд хөл дүүжилж, ангийн олзоо ч мөн зөөдөг байв.Талийгаачид хаврын анхны ан хийнэ гэж хөөрцөглөн тор тавьж ирэхдээ ихэд сэтгэл хангалуун байцгаажээ. Ингээд шөнөдөө гэр гэртээ амраад өглөө 06:00 цагийн үед тохирсон ёсоор талийгаач Мөнхжаргал “Портер” машинаа унаад бусдыгаа гэр гэрээс нь очиж авчээ. Тэрээр гэрээсээ гарахдаа “Анхны ан ёндоорох байх аа” гэж эхнэртээ хэлээд инээмсэглээд гарч. Гурван хүүгийн эцэг Т.Ганболд эхнэртээ “Би тороо татчихаад, ханийнхаа өмнөөс нууранд ажиглалт хийчихээд ирье. Чи минь унтаж бай” гээд бага хүүгээ үнсэн, бурхан тахилдаа мөргөөд гарчээ. Түүний эхнэр нуурын ажиглагч харуулын ажилтай. Өдөр бүр 09:00 цагт нуурын эрэг дээр очиж ажиглалт хийж тэмдэглэл хөтөлдөг байна. Харин Ш.Баттулгыг явах үед аав, ээж нь аль хэдийнэ босчихсон байв. Түүнийг “Жагаа ах ирчихлээ. Би тороо эргээд ирье” гээд гарахад ээж нь араас нь гарч “Тэнгэр муухайрч магадгүй шинжтэй байна шүү хүү минь. Хурдан ирээрэй” гэж захисан байна.Эхийн зөн зовин татаад байсан уу, яагаад ч юм хүүгээ явахад нэг л дурамжхан байсан гэсэн. Талийгаач Н.Болдбуйрын гэр нуураас 20 орчим км зайтай Халхгол сумын Ялалт багт байдаг учраас аавындаа мотоцикльтой ирж хоносон байж таарав. Н.Болдбуйр “Ээж загас авчрахаар сайхан шараад өгөөрэй. Бас өчигдрийнх шигээ мантуу хийхээ мартав аа. Дахиж загасанд явах шаардлагагүй болно. Хүү нь сумандаа ажил хийгээд сайхан амьдарна аа” гээд их л хөөрч, догдолсон байдалтай ээждээ хэлээд явжээ.

ЗАГАСЧДЫН ЗАВЬ ХҮЧТЭЙ САЛХИНД ШИДЭГДЭЖ МӨС МӨРГӨЖЭЭ

Талийгаачид эрэг дээр машинаа үлдээгээд жижиг завьтай нууранд гарчээ. Тухайн үед цаг 07:00 болсон байж. Талийгаачдаас гадна тэр өглөө дөрөв, таван завь мөн тороо эргэхээр нууранд гарсан юм байна. Тэднийг тороо эргэж байх зуур тогтуун байсан салхины эрч төд удалгүй нэмэгдэж нуурын давалгаа ихэсчээ. Салхины чиг ч өөрчлөгдсөн байна.Энэ нутагт салхи байнга баруунаас зүүн рүү сэвэлздэг. Харин тухайн үед гэнэт зүүнээс баруун зүг рүү чиглэн хүчтэй салхилсан гэнэ. Загасчид ч сандарцгааж эрэг рүү гарахын тулд завиа яаран сэлүүрдэж унаж тусан завиа чирсээр ирцгээж. Нуурын мөс эргээсээ 200 метр зайд л хайлсан бөгөөд цаашлах тусам мөсөн бүрхүүлтэй байсан үе. Гэтэл нэг завь салхинд эрчилсэн давалгаанд хөөгдөн эрэг рүү биш нуурын гүн рүү дотогш мөс рүү шидэгджээ. Яг энэ үед нуурын эрэг дээр байсан бусад загасчид одоо яах бол гэж амьсгаа даран харж зогсоцгоосон байна. Энэ бүх явдал хэдхэн секундын дотор яах ийхийн зуургүй болж өнгөрч. Завь салхинд шидэгдэх үед мөстэй мөргөлдөж нуур руу живж. Харин завин дээр явсан дөрвөн хүний хоёр нь мөснөөс зуурч амжсан байна. Тэд хоёр гэрийн буйртай тэнцэх дайны мөсөн дээр гарсан юмсанж. Харин хоёр нь завинаасаа бууж харагдсан боловч усанд толгой нь цухуйх төдий нэг өндөлзөөд живж бараа сураггүй алга болчихож. Мөсөн дээр үлдсэн хоёр хүн өмсч явсан комбинзоноо тайлж, хамаг хувцсаа тарааж шидэлсэн бололтой. Бээрч, осгохгүйн тулд мөсөн дээр нааш, нааш гүйлдэж эхэлжээ. Тэднийг харсан загасчид очиж аврахын тулд завьтай нууранд орохыг хэд хэдэн удаа оролджээ. Гэвч хүчтэй салхитай байсан учраас өндөрт хүчээ авах нуурын давалгаанд завьтайгаа шидэгдэх гээд хэн ч зориглож орж чадсангүй. Өмдний түрий норгох төдий давалгаалдаг нуурын ус салхины хүчээр давалгаагаа эрчилж, улам өндөрт усаа түрэх нь загасчдын зүрхэнд орж. Орсон ч эргээс 50 метр хүрэхгүй газар яваад “Явж чадахгүй юм байна” гээд ирцгээж байсан байна. Харин нөгөө хэсэг нь “Тэсч байгаарай. Хоорондоо тэврэлдээд суу. Одоохон очиж та хоёрыг аварна” гэж хашгиралдаж. Харамсалтай нь тэдний хэлэхийг мөсөн дээр нааш, цааш гүйлдэх хоёр хүн тогтож сонсоогүй бололтой.

ТАЛИЙГААЧИД "ЗАВЬ АВААД ИР. АМЬ АВРААРАЙ" ХЭМЭЭН АВРАЛ ЭРЭН ХАШГИРЧЭЭ

Эрэг дээр байсан зарим хүмүүст мөсөн дээр амь гарсан хоёр хүний хашгирч, орилох нь сонсогдсон байна. Тэд “Завь аваад ир, завь аваад ир” гэж нэлээд удаан хашгирчээ. Загасчид нууранд орохдоо брезентэн материалаар хийсэн комбинзон өмсдөг байна. Комбинзоны оймс хэсэг нь хатуулгатай болохоор гутал багтдаггүй, хөл нүцгэн өмсдөг байна. Тэгэхээр мөсөн дээр гарсан хоёр загасчин норсон комбинзоноо барьцалдаж хөлдөхөөс сэргийлж тайлсан учраас хөл нүцгэн байсан гэсэн үг. Тэгээд ч хэний ч санаанд оромгүй аймшигт осол нүд ирмэхийн зуур болсон учраас цочролд орсон бололтой. Нэг нэгнийгээ байгааг ч харах сөхөөгүй ганц ганцаараа нааш, цааш гүйлдэж байхыг нутгийнхан харсан байна. Энэ хооронд эрэг дээрх загасчид тосгон нуур хоёрын хооронд яах учраа олохгүй дэмий л гүйлдэж. Тосгоны загасчид бүгд л гараар хийсэн модон, эсвэл том төмөр завьтай байдаг. Модон завь нь хийсчих гээд, эсвэл төмөр завь нь шууд живэх тул илүү дэвшилттэй, хүчин чадалтай завь хэрэгтэй болох нь хэнд ч ойлгомжтой байв. “Завь аваад ир” гэхийг сонссон учраас ямар ч байсан завь хэрэгтэй гээд завины эрэлд гарчээ. Харин энэ хооронд загасчдын “Завь аваад ир, завь аваад ирээч дээ. Амь авраач, гуйя” гэж цөхрөнгөө баран хашгирах сонсогдож байсан байна. Ингэхдээ хоолой нь сөөж, хамаг тамир нь барагдсан бололтой сонсогдох төдий орилж байжээ.

ДЭЭР НЬ ГАРЧ АМЬ АВРАГДСАН Ч МӨС ЦӨМӨРЧ НЭГ НЬ УСАНД ЖИВЖ, ӨНӨӨХ НЬ АРАЙ ХИЙН МӨЛХӨЖ БАЙВ

08:30 цагийн үед тосгоныхон бараг бүгд нуурын эрэг дээр ирсэн байжээ. Нэг хэсэг нь нуураас км хүрэхгүй зайд байрлах Буйрын заставаас завь гуйхаар явсан байв. Харин үлдсэн хүмүүс дэмий л уйлалдаж, мөсөн дээрх хоёр загасчинг нүд салгалгүй харж, дэмий л ингэ, тэг гэж хашгирна. Гэтэл гэнэт нэг нь харагдахаа больчихов. Цаг гаруй аврал эрэн мөсөн дээр нүцгэн шахуу гүйж амьд үлдэхийн төлөө тэмцсэн загасчны тэмцэл даан ч хайран, халаглаад ч барамгүй. Тэр мөс цөмрөхтэй хамт усанд унасан бул хар чулуу шиг л бараа сураггүй живж алга болчихжээ. Харин амьд үлдсэн өнөөх загасчин мөсөн дээр дөрвөн хөллөн арай хийн мөлхөж байгаа нь эрэг дээрх хүмүүст тод харагджээ. Гэвч өөрсдөөс нь аврал эрэн эцсийн хүчээ шавхан мөлхөж буй түүнийг хэн болохыг тосгоныхон таньж амжаагүй л байлаа...

Үргэлжлэл бий