Сонгуулийн үр дүнтэй холбогдуулж намууд өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс мэдээлэл хийлээ.

Тус намын дарга Г.Уянга “Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д баяр хүргэх нь зүйтэй. Энэ ялалт бол МАН сайндаа гэхээс илүү сонгууль явуулсан арга хэлбэр, алдаатай холбоотой. Тухайлбал, сонгуулийн системийн алдаанаас болсон. Мажоритар систем бол сонгогчийн санал хамгийн ихээр гээгддэг систем юм. Хамгийн харамсалтай нь, монголчууд сонгуулиа дотроо хийж чадахаа болилоо. Хил хязгаар давсан энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл хоёр сарын хугацаанд чамгүй амжилт гаргасан. Цаашид улс төрийн тэргүүлэх хүчнийг байгуулах зорилт тавиад ажиллана" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Мөн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд луйвар дээрэм боллоо. Одоогоос нэг жилийн өмнө ОХУ-ын талаас 49 хувийг худалдаж авах хүсэлт илэрхийлж, түүний хариуд ирүүлсэн албан бичгийг би олсон. Гэхдээ энэ нь гарын үсэг, эзэн биегүй байсан учраас итгэл үнэмшил төрүүлээгүй юм. Харин одоо тун удахгүй өөрийн цахим хуудсаар нийтэд дэлгэх болно. "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ОХУ-аас худалдаж авснаар Монголын ард түмний эзэмшилд ирж байгаа юм биш цөөхөн хэдэн хүний халаасанд орно. Энэ нь эдийн засагт ямар ч үр нөлөө үзүүлэхгүй бөгөөд цөөн хэдэн хүнийг баяжуулах эх үүсвэр болно” гэлээ.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Манай нам энэ удаагийн сонгуульд эвсэл болж оролцлоо. Сонгуулийн үйл ажиллагаа сайн зохион байгуулалттай болсон. Одоо бид ИТХ-д оролцохдоо энэ удаагийн алдаа оноон дээрээс сургамж авч, засч залруулна. Ард түмний итгэл найдвар хүлээж гарч ирсэн улс төрийн хүчин өмнөх алдаагаа давтахгүй байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.