Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тамгаа гардан авлаа. Ёслолын арга хэмжээний өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг Төрийн торгон цэргүүд ёслол төгөлдөр угтан авч, газар, хэлтсийн удирдлагууд бэлэн жагссан байв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр сайдын тамга хүлээлцүүлэх ёслолын дараа хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах салбар бол маш чухал салбар. Эх орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой энэ салбарыг Үндсэн чиглэлийн яамаар баталгаажуулан хуульчиллаа. Ц.Цолмон даргын хувьд энэ салбарыг маш сайн удирдаж ажилласан. Хууль эрх зүйн шинэчлэлээс эхлээд эгэл жирийн байлдагчаа бодсон олон чухал ажлыг хийснийг онцлох ёстой. Цаашдаа энэ салбарыг удирдах ажиллах Б.Бат-Эрдэнэ танд амжилт хүсье" гэсэн юм.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Хариуцлагатай салбарын сайдаар томилогдсондоо баяртай байна. Хууль зүйн шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно. Энэ салбарт элэгтэй хүний хувьд хийх олон ажил миний өмнө байна. Цаашдаа салбарынхантайгаа гар нийлэн Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ" хэмээн онцолсон юм. Үүний дараа Б.Бат-Эрдэнэ, Ц.Цолмон сайд нар албан уулзалт хийж, харилцан ярилцсаны дараа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалах яамны газар, хэлтсийн удирдлагууд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нартай уулзаж, Батлан хамгаалах яамны танилцуулга сонсч цаашид авах хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
Батлан хамгаалахын сайдаар ажилласан Ц.Цолмонгоос зарим асуултад хариулт авсан юм.
-Та Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа салбарынхаа эрх зүйн шинэчлэлийг өндөр төвшинд аваачиж, зогсонги байдалд орсон байсан олон бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа?
- Миний хувьд батлан хамгаалах хэмээх шинэ цагийн бахархал болон гялалзаж яваа хийморьлог энэ сайхан салбарын сайдаар ажилласнаа том хувь заяа гэж ойлгож байна. Цэрэг эрстэйгээ эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийн төлөө зүтгэснээ аз хийморь гэж харж байна. Шийдлийн Засгийн газарт ажиллах хугацаандаа мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө батлан хамгаалах салбарынхан бид хамтдаа хичээн ажиллалаа. Бидний хамгийн том амжилт бол салбарын эрхзүйн шинэчлэл байлаа. Салбарын эрх зүйн шинэчлэлийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төвшинд шийдүүлж чадсан байгаа. Нөгөө талдаа салбар дахь бүтээн байгуулалт, салбараас гадна улс орны бүтээн байгуулалтад оролцох энэ ажилд ахиц дэвшил гарлаа. Ялангуяа, салбар дотор аж ахуйн нэжгийн маргаан зөрчлөөс болоод шийдэгдэхгүй байсан барилга байгууламж, орон сууцны барилгуудыг ашиглалтад орууллаа. Мэдээж маргаанаа шийдсэний дараа байшингаа барьж дуусгана гэвэл олон жил хэрэгтэй. Тийм учраас байшингаа барьж дуусгаад дараа нь маргаанаа шийдье гэсэн зарчим баримталсан нь зөв алхам байлаа. Мэдээж цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд ахиц дэвшил гарлаа. Энэ нь орон сууцны болон бусад зүйлтэй холбоотой. Өөр нэг чухал зүйл бол салбартаа эрэлт, хүсэлт ихтэй байсан цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг үнэлэх тухай асуудал. Хөдөлмөрийн үнэлэмжийн дээшлүүлэх нь учир дутагдалтай байсныг засч залруулан дүрэм журмынх нь дагуу олон шатны цэргийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн байгаа. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа надад "Сайд, надаас бусдынх нь цалин нэмэгдсэн шүү. Үүнд салбарынхан маань, цэргийнхэн маань талархалтай байгаа" гэж ярьж байсан. Энэ бүх ажлыг салбарын мэргэжлийн бүх хүмүүстэй хамтарч ажиллаж, хийж хэрэгжүүлж чадсан гэдгийг онцлох ёстой. Цаашдаа шинэ сайдтайгаа гар нийлэн бодлогоо улам лавшруулан чамбайруулж ажиллахыг хүсч байна. Монгол цэргийн хийморь үеийн үед өөдөө байх болтугай" гэсэн юм.