Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ. Тиймээс өчигдөр Хүй мандлын дэнжид болсон хурдан морьдын уралдаанд очиход наадмын комиссоос түүний зээрд морийг уралдуулахгүй хэмээн хассан байна. Н.Мөнхбаясгалан учрыг тайлбарлахдаа “Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өөрийнхөө морийг уралдуулах гэж хассан” гэж тайлбарласан байна. П.Сэргэлэнгийн их нас өчигдөр айргийн тавд хурдалсан юм. Тиймээс айргийн таваар ирэх магадлалтай хурдан хүлгүүдээс залуу уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд морийг хассан ажээ. Тиймээс Н.Мөнхбаясгалан Монголын морин спорт уяачдын холбоонд дараах гомдлыг гаргажээ:

Залуу уяач Н.Мөнхбаясгалан миний бие Сүхбаатар аймгийн угшилтай "Сартай зээрд" морио 2015 онд "Нийслэлийн Даншиг наадам - Хүрээ цам"-д түрүүлгэж, 2016 онд "Улсын баяр наадам"-д айргийн тавд хурдлуулснаар өнөөдөр хүй долоон худагт болж буй "Их хурд - VII" уралдаанд оролцох урилга, медалиа гардаж авсан билээ.

Ингээд улсын баяр наадмаас хойш өнөөдрийг хүртэл бэлтгэж байгаад морио мордуулах гэтэл морийг минь барьж уяад уралдуулсангүй. Тэгэхээр нь морь шүдэлгээний комиссын гишүүдтэй уулзаж учрыг тодруултал "Монголын морин спорт уяачдын холбоо"-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн даалгавраар хассан байна. Ингээд дарга хүслээ биелүүлж миний морийг хасч өөрийн морио явуулснаар айраг хүртлээ хөөрхий.

Би үнэхээр гомдолтой байнаа 13 хоногийн өмнө улсад морио айрагдуулахад өнөөдрийн уралдааны урилгыг гардуулж байсан уяачдын холбооны дарга нар өнөөдөр морийг минь уралдуулахгүй хассан нь дэндүү шударга бус байна. Би хэдийгээр залуу уяач хэдий ч моринд хайртай монгол уяачны сэтгэл гаргаж, улсад морийг минь унаж айрагдуулсан хүүхдэдээ 2 өрөө байр бэлэглэж ёс уламжлалыг дээдэлсэн. Ингэж залуу уяачид биднээр тоглоом наадам хийж, итгэл сэтгэл, урам зориг, их хүслийг минь уландаа гишгэсэн энэ увайгүй үйлдлийг би тэвчихгүй ээ. Би мянга мянган залуу уяачдын дарлуулсан, дээрэлхүүлсэн энэ үйлдлийн эсрэг хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэгтэйгээр тууштай тэмцэх болно.

Хүй долоон худаг 2016 оны 07-р сарын 24

Өөрийн цахим хуудсаар дамжуулан гомдол гаргасан: Залуу уяач Н.Мөнхбаясгалан гэсэн байна.

Уг нь Монголын Морин спорт уяачдын холбоог МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлдэг нарийн бичгийн дарга нь эрх ашгаа дээгүүрт тавьж, өөрийн морио айрагдуулахын тулд залуу уяачийн морийг хасаж, шударга бус зан гаргасан нь байж болох асуудал уу. Монголын үндэсний бахархал болсон хурдан хүлгүүдийн уралдааны асуудлыг эрх мэдэлтэй дарга нар өөрийн эрхээр шийдсээр байх уу.

Н.Чимэг

Эх сурвалж: Cityinfo.mn

 

  • 1

  • 2

  • 3

  • 4