Ийм асуултыг хаа нэгтээ, хэзээ нэг цагт бус яг одоо тавих ёстой. Учир нь өнгөрсөн сонгуульд улс төрийн цөөнгүй нам оролцсон. Мөн хамгийн олон бие даагчтай байсан.

Зарим бие даагч сонгуулийн өмнө уулзалдан гэрээ байгуулж “Төр хурах”-ын гэсэн тодотголтой тунхаглал хүртэл гаргаж байлаа. 14 нам, хоёр эвсэл, 80 гаруй бие даагчийн мөрийн хөтөлбөрт Аудитын газар дарагдаад байсан. Ингээд цензурдсээр бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулсанаар 18 хоногийн “аймаар” сунгаа эхэлсэн.

Зөвхөн Их хуралд гэхэд 498 горилогч байлаа. Гуравдагч хүчнүүд нам эвслүүдийн нэр сураг сонгуулийн цочир эргэсэн дүнгийн дуулианд дарагдаад өнгөрсөн. Гэхдээ улс төрд АН-ыг болоод тэр дундаа онцлоход гуравдагч хүчнийг ч баяртай буюу ерөөсөө хэрэггүй гэсэн үр дүнг энэ сонгууль харуулаагүй. Хуулиа батлахдаа гуравдагч хүчин бие даагчдын боломжийг бараг 100 хувь хаасан тул МАНАН-д гомдсон байсан иргэд сүүлийн хатуурхлаа АН-д гаргаж МАН-д ялалтыг өгчихсөн.

 

Одоо нэг нам үнэмлэхүй эрх барьж буй ирэх дөрвөн жил бол гуравдагч хүчнүүд тоогдож болох алтан боломж гэмээр. Уйтгартай л даа манай бусад намууд. Энэ нь бол тууштай биш гэсэн тодорхойлолт. Жижиг намууд мөнгө санхүү болоод үзэл баримтлал ялгарлаа хадгалж үл чадах ба сонгуулиар эвсэх төдий наймаанд хэрэглэдэж цагаан сарын хөөрөг шиг үздэг тул сонгуулиас сонгуульд нэр хүнд нь унасаар ёстой шалаар нэг гэдэг болоод байгаа юм. ХҮН намын дотор болоод эргэн тойронд нь болсон үйл явдал бол судлах асуудал. Энд дээрээс гар урттай оролцлоо гэж байсан. Дотроосоо амархан өтсөн гээд олон зүйл байгаа. Гэхдээ энэ нам сонгуулийн өмнө жиргүүлж жижиглүүлж сонгуулийн тойргийн гадна үлдсэнээрээ Монголд улс төрийн гуравдагч хүчин бий болох хүлээлтээр зүлэг нь цухуйж байсан шинэ дэвжээг гишгэлэх шахсан үр дагавар үлдээсэн.

 

ХҮН-ынхан суларч эхэлж байхад нөгөө талд нь засаг бүрдүүлэлцэж буй бүлэгтэй Н.Энхбаяр байлаа. Хоёр томтой баруун зүүнгүй нүүж гэнэтийн бэлэг барьсаар, өөрөө бас урхидуулсаар байсан. Гэхдээ түүний хувьд нэр дэвших эрхээ авахын төлөө улс төрийн орон зайд байгаа бүхий л боломжоо ашигласаар байсан. Энэ улайрал нь биелэх боломжгүй гэдэг нь илт байсан тэр зайд намаа бариад нэг талд эвссэн бол эцсийн дүндээ сонгуулийн өнөөгийн дүн өөрөөр гарахад нөлөөлөхийг үгүйсгэхээргүй . Энэ бол харамсал биш. Энэ сонгуулийн хувьд ард түмэн нэг талд нь хангалттай гаргаж өгсөн нь зөв гэдэгтээ маргахгүй. Бидэнд улс төрийн тогтвортой байдал маш чухал байгааг сонгогчид мэдэрсэн.

 

Н.Энхбаярын хувьд сонгуулийн өмнөх сүүлийн саруудад ямар нэг эргэлтийн шинжтэй оролдлого хийх боломж гадна талаасаа бол харагдаад л байсан. Хэдийгээр оройтсон ч хүчтэй бие даагчид бусад намыг өөртөө татаж 4 жилийн дараах улс төрийн тойрогт гортиг эргүүлэх цэгээ энэ сонгуулиар хатгах боломж ч харагдаж байсан.

 

Сонгуульд бусад намууд амжилттай оролцох боломжийн талаас ийн ярихын цаана мөн эдгээр гуравдагч хүчнүүд түүнийг бараадсан улстөрчдийн Монголын улс төр нийгмийн амьдралд үзүүлэх жинг бууруулаад байж болохгүй санагдана. Сайн боловсорсон зарчимтай, татаад гаргачихмаар шинэ залуусын хувьд хоёр намын босго дэндүү өндөр. бас их хол. Мөнгөөр босгох шат гишгүүр даанч олон. Товчдоо хоёр нам хоёул жирийн гишүүд дэмжигчдээсээ сонгуулиас сонгуульд холдсоор ирсэн. Одоо бол бүр хурднаар буюу жил сараар энгийн гишүүд залуусаасаа холдох болсон. Намынх нь дүрэм журам ч гэж хэдэн он билээ бүү мэд. Хамгийн сүүлд удирдлагадаа хэзээ салхи оруулсан юм бүү мэд. Том намуудын ийм "сохролд" гээгдээд байгаа залуусыг татаж, гарч ирж үгээ хэлэх, олон нийтэд үзэл бодлоо хүргэх индэрийг засч өгөх хэрэгтэй байгаа юм. Ирэх дөрвөн жилд Монголын улс төрд салхи оруулах энэ индэрийг засч чадсан, энд мөнгө хаясан гуравдагч хүчнийхэн сонгуулийн шинэ түүхийг бичих магадлалтай.

 

АН-гүйгээр яаж Моннголын улс төрийг харах вэ. Тийм болохоор энэ намыг алдаагаа ухаарч зөв шинэчлэгдэхийг хүлээсэн хараа тавилт олон нийтэд байгаа. Нөгөө талд дахиад улаан ба цэнхэр хоёрын дунд гарч савласаар 25 дахь жилээ үдсэн Монголчууд хувьд улс төрийн цоо шинэ орчин, үзэл баримтлал, цаашлаад шинэ лидерийг хараалж байгаа нь мэдрэгддэг. Тийм болохоор экс Н.Энхбаяр, босоо С.Ганбаа ба бусад нь хаачсан бэ гэж дөнгөж сонгуулийн маргааш намрын эхэнд асууж байна. Энэ нь нэр дурьдсан хоёр улстөрчийг лидер гэж нэр цохсон бус Монголын улс төрийн гуравдагч хүчнүүд нэгдэн шинэ лидер, чадалтай улстөрчдийг бэлдэх “акедеми” болон ажиллах хэрэгтэйг сануулж байгаа юм.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/