МАН уг нь Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл эсрэгээрээ мэргэжлийн бус засгийн газар байгуулагдчихлаа. Тухайлбал, Ерөнхий сайд нь Англи хэл А ч үгүй гэх шиг. Сангийн сайд нь эдийн засагч бус харин телемеханикч, хууль зүйн сайд нь саяхан эрх зүйчээр магистрийн зэргээ хамгаалсан, байгаль орчны сайд нь багш мэргэжилтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь яруу найрагч, Уул уурхайн сайд нь мэргэжлийн покерчин нэгэн байх юм.

 

 

 

Нэгэнтээ тэднийг сайдаар томилчихсон учраас олон долоон юм яриад яах вэ. Харин түүний оронд эдгээр сайд нараа мэргэжилтэй, боловсролтой болгоход анхаарал хандуулья. Энэ их ажлын хажуугаар сурч боловсроно гэдэг хэцүү л дээ. Гэхдээ яахав оройн цагаар, эчнээ ангид түргэвчилсэн боловсрол олгож болох юм.

 

 

Жишээлбэл, Ж.Мөнхбатад олон төрлийн хичээл орох шаардлага тулгарч байна. Яруу найрагч хүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болгож хүмүүжүүлнэ гэдэг тун ч их ажилтайг ойлгож байна. Харин телемеханикч хүнийг сангийн сайд болох түүнээс л хэцүү харагдаад байгаа юм. Олон жил "хурд”-ыг удирдсан туршлага түүнд бий л дээ. Гэхдээ барилгын компани удирдах, улсын санхүүгийн асуудлыг хариуцах хоёрт ялгаа их бий шүү. Тиймээс Б.Чойжилсүрэнг тусгайлсан, эрчимжсэн, практик давамгайлсан сургалтад хамруулах шаардлагатай байна.

 

Төгсөөд удаагүй эрх зүйчийг олон жил хууль бичсэн багш нарыг нь удирдуулахын тулд бас л дээд түвшний сургалтанд хамруулах шаардлагатай. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь намын бүлгээ толгойлж явсан туршлага С.Бямбацогтод байгаа гээд яриад байна л даа. Гэхдээ ийм туршлага хуулийн салбарынхныг удирдахад жулддаг гэдгийг Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нарын жишээнээс харж болно. Хуулийнхан, хуулийнхан л байдаг. Дургүй нь хүрвэл гэмт хэрэгтэн болгоод, сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулчих чадалтай улс байдаг юм. Ийм хүмүүсийг удирдахын тулд жилийн өмнө төгссөн эрх зүйчийн диплом жулдах л болов уу гэж бодоод байна л даа.

 

Манай Монгол Улсын Ерөнхийлөгч сая АСЕМ-аар хэчнээн ч мундаг хэл устай хүн бэ гэж гайхагдсан. Харин Ерөнхий сайд маань хэлний мэдлэг багахан гэх юм. Тийм зүйл байгаа бол гурван сарын дотор англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгодог курст сургачихмаар байна. Төсвөөс хэлний курс зэргийн төлбөрийг нэг удаадаа гаргачихад асуудалгүй биз. Үгүй бол У.Хүрэлсүх шиг "онигоо” болж мэднэ. Ер нь Шадар сайд У.Хүрэлсүхийг ч гэсэн Ерөнхий сайдтай хамт хэлний курст явуулчихмаар юм байна.

 

Харин багш хатагтайд Байгаль орчны мэдлэг олгоход бас ч үгүй ажил орох байх. Байгаль орчин гэдэг чинь өөрөө том сэдэв шүү дээ. Ганц мод огтлох, гол усны урсац нэмэгдүүлэх хэмжээнд сайдын үйл ажиллагааг хязгаарлаж болохгүй. Тиймээс нарийн мэргэжлийн хичээлүүдийг анхан шатнаас нь зааж, мэргэшүүлэх нь чухал.

 

 

Мөн тагнуулч залууг нийгмийн ажилтан болгож, тус салбарыг удирдуулахын тулд бас л цаг хүч зарцуулах нь ойлгомжтой. Баян айлын хүү хичээлд суухдаа хойрго байж магадгүй. Тэгвэл "албан тушаалтай нь ярина” гэж багахан сүрдүүлэг хийж байгаад, эвсэл алтны компанийх нь зөвшөөрлийг цуцлана гэж айлгадаг ч юм уу ямар ч байсан мэргэшүүлэх нь чухал гэж үзэж байна.

 

За үүний дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг "мэргэжлийн” гэж нэрлэж болох байх. Харин одоогоор мэргэжлийн бус гэж хэлж, тайлбарлаж байхгүй бол гадны орнууд буруу ойлголт авч, мэргэшсэн хүмүүсээс тусламж хүсдэг ч юм уу гээд яваа сурагтай. "Санхүүгийн хямралаас гаргахад туслаад, мэргэжлийн Сангийн сайд аа” гээд хүрээд ирсэн тэс хөндлөн телемеханикч хүн сууж байвал онцгүй биз дээ. Бас өнөөх саналыг нь Ерөнхий сайд нь уншиж ойлгохгүй, Шадар сайд нь таг түг гээд л Хууль зүйн сайд нь хуулиа буруу зөрүү тайлбарлаад байвал онигоонд орно шүү. Тиймээс сайд нараа эртхэн сургалтанд хамруулж, мэргэшүүлмээр байна. Зардал мөнгөнд санаа зоволтгүй. Монгол Улс нэг Засгийн газар байтугайг тэжээгээд, тэтгээд ирсэн арвин туршлага, сан хөмрөгтэй. Болох л байлгүй.

 

Шар хүү

Үндэстэн агентлаг