Гэр бүлдээ хөгжил, хөөр нэмэхээр хичээж байгаа эзэгтэй нарт зориуллаа.
Гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөе гэхээр салхинд гарах, цэцэрлэгт хүрээлэн, парк руу явах, хоолонд орох, хааяа нэг театрт кино үзэх гээд л хязгаарлагдчихаад байдаг шүү дээ. Тэгвэл гэртээ бөөндөө суугаад, амар тайвнаар илүү зардал гаргалгүй хөгжилдөж болох хэд хэдэн санааг нартайгаа хуваалцъя.

Гэр бүл дотроо хэрэгжүүлж болох, хөгжилтэй 6 санаа

1. Олон үндэстний хоолны нэг өдөртэй бол
Ээж нь ч хоолны цэсээ янз бүрээр нэмээд авчихна. Хүүхдүүд нь ч мэдлэгээ нэмж чадна. Яаж вэ гэвэл долоо хоногийн нэг өдөр Мексик, Итали, Япон, Солонгос, Хятад гээд хүссэн орныхоо хоолыг оройн хоолондоо хийдэг болох юм. Мэдээж хэрэг гэрийн эзэгтэй ямар хоол байхыг нь сонгоно, харин гэр бүлийн бусад гишүүд тухайн сонгогдсон орны талаар сонирхолтой баримт, мэдээллийг цуглуулж ирэх даалгавар авна. Оройн зоогны үеэр хүн бүр даалгавараа биелүүлж яриагаа өрнүүлсэнээр хүүхдүүдийн мэдлэгт ч тэр гэр бүлийн гишүүд хоорондоо нээлттэй харилцахад ч эерэг нөлөө үзүүлэхээр байгаа биз?

2. Хумс будах урлагт суралцах нэг өдөр
Танай гэр бүлд бүсгүйчүүд олон байдаг уу? Тэгвэл Эмэгтэй л хүн болсон хойно бараг бүгд л хумсаа будаж, янзлах дуртай байгаа. Харин энэ урлагт бөөнөөрөө ханцуй шамлан орвол ямар вэ? Хумсны будаг, бусад материалаа урьдчилж бэлдээд нэг өдрийг тэр чигт нь охидынх болгоорой.

3. Гэртээ цэцэг тарь
Гэртээ өөр өөрийн цэцэгтэй бол. Нэг төрлийнх байх уу үгүй юу гэдгийг өөрсдөө шийдээрэй. Амралтын өдрөөр бяцхан суулгац авч ирээд хамтдаа өөр өөрсдийнхийгөө суулгах ба дараах арчилгааг ч өөр өөрсдөд нь хариуцуул. Тэд яг л хүүхэд шиг арчилгаа шаардах учраас бусдыг халамжлахад давхар суралцаж байна гэсэн үг. Хүн бүр өөр өөрсдийн цэцэг, ногоог арчлан хэрхэн ургаж, цэцэглэж байгааг нь харна гэдэг сайхан. Төсөөлөгдөж байна уу?

4. Кино үдэшлэг зохион байгуул
Нэг амралтын өдрөөрөө гэртээ кино марафон хий. Кино сайтууд дээр олон кино үнэ төлбөргүй үзэж болохоор тавигдчихсан байдаг. Тэндээс 3-4 кино сонгож өдрийн турш үзэх юм. Киноныхоо төрлийг сонгохдоо гэр бүлийн гишүүдээсээ санал авахаа мартуузай. Мөн дээрээс нь поп корн, шарсан төмс, ундаа гээд гишүүн бүрийн дуртай амттанууд байвал зүгээр. Эсвэл өөрийн гараар эрүүл амттан хийгээд тавьсан ч болно шүү дээ.

5. Гэр бүлийн хоолны шоу
Нэг оройн хоол хийх үедээ бүгд хамтраад зурагтын хоолны нэвтрүүлэг шиг нэвтрүүлэг хийгээрэй. Нэвтрүүлэг гэж байгаа учраас гар утсаараа ч хамаагүй бичлэг хийх хэрэгтэй шүү. Хоолоо хийх үед ярианы сэдэв дуусна гэж байхгүй. Хийж байгаа хоолныхоо тухай, хүүхэд, дүү нарынхаа хөгжилтэй түүхийг ярина гээдл явж өгнө дөө. Энэ бичлэгээ хэсэг хугацааны дараа үзэхэд хэчнээн дурсамжтай, хөгжилтэй байхыг төсөөлж байна уу?

6. Усаар байлдах
Хүүхдүүд чинь үүнийг хүсэж байгаа. Нэг удаа ч гэсэн боль гэхийн оронд хамтдаа байлдаад үзье ээ, хэдүүлээ. Зуслан дээрх өдрүүддээ усан байлдаан нэмчихвэл бүр ч их инээд хөөртэй болоод ирнэ дээ. Хашаатай айлууд бол дулаахан өдөр гараад л тоглочихно байна. Байлдааны дүрмэнд гэрийн ямар нэг зүйлийг эвдэж сүйтгэхгүй гэсэн заалт оруулж болох юм шүү дээ.

Эдгээр дээр нэмэх өөр сонирхолтой санаанууд чамд байна уу?

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”

Эх сурвалж: www.goolingoo.mn