МАН шөнө дөлөөр яаран сандран Монголбанкны ерөнхийлөгчийг солилоо. Н.Золжаргалыг ажлын бус цагаар, тээр орой болсон хойно өрөөнд нь дуудаж ирүүлээд тамга тэмдгийг нь хүлээгээд авчихав.

Ёс бэлгээ бодсон ч тэр, яамд шиг мөнгө хулгайлаад суух аятай орчингүй, УИХ-ын шууд хяналтанд ажилладаг Монголбанкны онцлогийг харсан ч тэр харанхуй шөнөөр тэвдэн давчдан тамгыг нь аваад байх шаардлага уг нь бол байхгүй. Золоогоос тамгыг нь авсан Н.Баяртсайханы хувьд улс төрд шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж, Сангийн яамыг толгойлж явсан эрхэм. Харин төв банкинд бол тэр шинэ хүн. Гэхдээ томилгоо нэгэнт хийгдчихсэн. Элдэв эсийн шүүмжлэл өрнүүлээд дэмий ярианаас хэтрэхгүй учраас ингээд зогсъё. Золжаргал ба түүний нөхдийн амжуулсан, ирэх жилүүдэд үргэлжлүүлэх учиртай бодлого ажлынх нь тухай албаа аваад удаагүй төв банкны ерөнхийлөгчид дайх үг байгаа учраас энэ томилгоог онцолсон юм.

Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын гишүүдийн хамгийн их шүүмжилсэн сэдэв бол ам.долларын ханш. 1300 төгрөг байсан доллар 2000 давлаа, монгол төгрөг үнэгүйдлээ гэж ирээд дуу нийлүүлцгээж байсан тэд ноён ногооныг галзууруулахгүй байх үүргийг ирэх жилүүдэд өөрсдөө хүлээхээр болж байна. Золжаргалыг ажлаа авахаас өмнө Монголын эдийн засаг, монгол төгрөг хоёр хайр сэтгэлгүй гэрлэсэн хос шиг биенээсээ хамааралгүй, төгрөг нь энд, эдийн засаг нь тэнд тэнэж явдаг байсан бол өнөөдөр эдийн засаг, төгрөг хоёр биенээ жигтэйхэн мэдэрдэг болчихсон. Төгрөг хөрсөндөө буусан. Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид ингэж ярьдаг, олзуурхдаг. Яг нарийндаа дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямарсан өнгөрсөн жилүүдэд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр эрийн сайндаа энэ улсыг тартагт нь тулгачихалгүй мэнд аваад гарсан юм биш л дээ. Эдийн засгийг мэдэрдэг, мөнгөний зөв бодлогыг хэдэн арван жилээр нь харчихсан, төв банкинд ажилласан арвин туршлагатай нөхөр Монголбанкийг толгойлж байсан учраас хэцүү цагт гал алдчихалгүй өнөөг хүрсэн хэрэг. Мэдээж мэдлэг, туршлагаараа засагт нөлөөлөх хэмжээний лидер чанар байсан учраас түүнийг УИХ, Засгийн газар сонссон байж таарна.

Европоос эхэлсэн хямрал дэлхийг хэрж, баргийн зүйлд тэвддэггүй Хятадыг ч сандаргасан жилүүдэд Монголын эдийн засгийг юу аварсан гээч. МАН-ын ад үзэх дуртай өнөө бонд. Дэлхийн улсууд ташраараа мөнгөгүйдэхээс өмнө хөрөнгийн зах зээлээс овоо хэдэн ногоон чирээд ирчихсэн учраас л бид энэ зэрэгтэй байгаа юм. Доллар олж ирсэн, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн гол нөхдийн нэг нь сая ажлаа өгсөн Золжаргал. Англиар ярьдаг, англиар сэтгэдэг, магадгүй англиар мэдэрдэг, санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэгтэй, хөрөнгө оруулагчдын хэзээний танил хүн төв банкийг толгойлж байсан учраас Монгол Улс хямд хүүтэй дажгүй бонд босгож чадсан юм. Хүссэн хүсээгүй гадаад ертөнцөд Монголын санхүүгийн нүүр царай болсон цөөхөн хүний нэг нь тэр. Хөрөнгө оруулагчид англиар ярихдаа маруухан, санхүү эдийн засгийн өнгөц мэдлэгтэй улстөрчдөд биш тэднийг л сонсч, тэдэнд л итгэж мөнгөө өгдөг юм. МАН ялсан учраас төв банкны толгойг солих нь тодорхой л доо. Харин өмнөх ерөнхийлөгчийн бүрдүүлсэн, Монголын эдийн засгийг мэдэрдэг, ажлаа, бодлогоо мэддэг чадалтай боловсролтой залуусыг соливол байдал хэцүүднэ.

Долларын ханш яагаад өсдөг вэ гэсэн асуултын хариу нь тун энгийн. Байгаа цөөхөн доллараа үрэн байж гаднаас авдаг юмаа багасгах. Гадагшаа зарж доллар олдог бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Ядаж л өөрсдийнхөө хийж чадах сүү, тараг, ундаахнаа гаднаас авахгүйгээр үйлдвэрлээд сурчихвал доллар тэгтлээ “галзуурахгүй”. Төв банкны хийж чадсан зүйл энэ. Дөрвөн жилийн өмнө бид сардаа 560 сая ам.доллараар гаднаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол одоо 180 сая ам.доллар болоод огцом буурчихсан. Дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх бодлого барьсан учраас хамаг доллараа ариун цэврийн цаасанд зардгаа больсон хэрэг. Дотоодын үйлдвэрлэл нь гайхалтай хөгжсөн Герман, Япон, Азийн бар улсууд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох хүртлээ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангалаагүй байдаг. Үнэхээр ч төгрөг үнэ цэнтэй, доллар юу ч биш байвал хэн ч юу ч үйлдвэрлэхийг хүсэхгүй. Хямдхан үнээр импортын бараа хэрэглэсэн шигээ аж төрнө. Монголбанк төгрөгийн ханшид яг ингэж хандсан. Төгрөгийн ханшийг зах зээлд нь, эдийн засагт нь даатгаад зөнд нь орхисон. Мэдээж долларын ханш өсөөд байхаар гадны гоё савлагаатай үнэтэй иогурт авахыг хэн ч хүсэхгүй, “Мон сүү”-гийн таргийг сонгож таарна. Мэдээж “Мон сүү” дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжгүй. Монголд үйлдвэрлэсэн тарагны борлуулалт өсөөд ирэхээр Дулмаа, Дорж хоёр хамтраад сүү, тарагны үйлдвэр байгуулахыг сонирхож таарна. Үйлдвэрлэгчдэд ийм сонирхол төрөнгүүт тэднийг дэмжсэн хямд хүүтэй зээл өгчихсөн. Долларын ханшийг барьсан төв банкны аргыг энгийнээр тайлбарлавал нэг иймэрхүү.

Нүүрсний үнэ хаданд гарч, эдийн засаг цойлсон 2011 онд монголчууд нэг тэрбум ам.доллараар суудлын машин худалдаж авч байсан статистик бий. Энэ хэтэрсэн хэрэглээг хумьж, гадны зээл, уул уурхайгаас олсон мөнгөө халамжид тарааж, хэрэглээг огцом тэлсэн өмнөх жилүүдийн алдааг зассан газар нь Монголбанк. Банкууд өнгөрсөн дөрвөн жилд гар утас, компьютер, тоос сорогч авч тансаглах гэсэн нөхдөд биш хийж чадах зүйлээ үйлдвэрлэе гэсэн бизнесүүдэд зээл өгсөн. Үр дүнд нь цементээ өөрсдөө хийчихдэг боллоо. Цемент хийхэд ордог бүх түүхий эд нь байгаа учраас урдаас бараа татаж, Эрээнийг хөгжүүлэх шаардлагагүй. МАН-ыг засаг барьсан жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байсан. Тэр үед өчнөөн доллар орж ирсэн юм чинь гээд төгрөгийн ханшаа 30 хувиар чангаруулж байсан алдаа МАН-д бий. Үр дүнд нь дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг 30 хувиар унагаж байлаа. Хамгийн тод жишээ гэхэд л өнөө бидний өөрсдөө хийдэг болчихсон цемент. Төгрөгөө 30 хувь чангаруулчихсан чинь Хятадын цементийн өрсөлдөх чадвар 30 хувиар өсч байв. Тэр үед Замын-Үүд дээр цемент ачсан вагонууд яаж түгжирч байлаа...? Монголбанк барилгын салбар, хүнсний үйлдвэр зэрэг ажлын байр ихээр шингээдэг, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү зээлийг чиглүүлсэн нь төгрөгийн ханшийг хөрсөн дээр нь авчирсан юм. Хүнсний импорт гурван жилийн дотор 100 сая ам.доллараар буурна гэдэг сайн хэрэг. Албаа аваад хоёр хонож байгаа ерөнхийлөгчийн зайлшгүй үргэлжлүүлэх ёстой бодлого, хөтөлбөр гэвэл үйлдвэрлэлийг дэмжсэн бага хүүтэй зээл.

Бас Золжаргалын хэлэх дуртай хүчтэй дундаж давхарга гэсэн гурван үгийг төв банкны үе үеийн ерөнхийлөгч нар байнга хэлдэг тарниа болгочихвол өндөр хөгжил гэдэг халгаж ядан харах хүршгүй оргил биш. Америк, Герман зэрэг их гүрнүүдийн хүчирхэг байгаагийн нууц нь ердөө л хүчтэй дундаж давхарга. Ихэнх иргэн нь байртай, машинтай, дажгүй орлоготой байвал эдийн засаг тэлж, үйлдвэрлэл хөгждөг гэсэн гаргалгааг хэн ч хийчихнэ. Дундаж давхаргынхны мөнгөө хуримтлуулах хамгийн том хэрэгсэл нь орон сууц. Ипотекийн хэмжээ өсч байвал дундаж давхаргын хуримтлал нэмэгдэж байна гэсэн үг. Батынх гэхэд л олсон мөнгөнийхөө 45 хувийг хуримтлалд төлж байна. Тодруулж хэлбэл байрныхаа зээлэнд. Байрны зээлэнд төлсөн мөнгийг нь дэмий зүйлд заралгүйгээр орон сууц хэрэгтэй өөр нэг айлд ипотекийн зээл болгоод өгчихөж байна. Дажгүй хувилбар. МАН-ын засаг барьсан жилүүдэд эдийн засагт эргэлдэх мөнгөний 90 хувийг цөөхөн гэр бүл атгадаг байсан бол өнөөдөр энэ хэмжээ өөрчлөгдсөн. Монголын дундаж давхаргын хуримтлуулсан мөнгө аль хэдийнэ 3.4 их наяд давчихаад байгаа. Тэгэхээр төв банкны хэрэгжүүлсэн нэг том ажил бол яах аргагүй орон сууцны найман хувийн зээл. Орон сууцны бага хүүтэй зээлээс эхлээд дундаж давхаргыг дэмжсэн хөтөлбөрүүд цаашид ч үргэлжлэх учиртай.

Золжаргал Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдоод л инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Инфляцийг онилсон зэвсэг нь үнэ тогтворжуулах хөтөлбөр. Жил жилийн хавар хаданд гардаг мах, хойд хөршийн нэг бизнесмэний ам, аягаар байсхийгээд л үнэ нь нэмэгддэг шатахууныг онилсон нь цагаа олсон хэрэг болсон. МАН-ыг засаг барих үед буюу 2010-2012 онд инфляци жил бүр дунджаар 12.4 хувиар өсдөг байсныг түүний баг өөрчилж чадсан гавьяатай. Инфляци одоо хоёрхон хувиар хэмжигдэж байна. Н.Золжаргал “Даршилсан өргөст хэмхийн бүх орц Монголд бий. Түүнийг Польшоос авах хэрэг байна уу? Дотооддоо үйлдвэрлэх загвараа сонгох нь зөв. Өмнө нь өргөст хэмхийн дарш хийхэд дутагдаж байсан зүйл бий. Өвөл өргөст хэмхээ ургуулж чаддаггүй байлаа. Яагаад гэвэл хүлэмжгүй, хүнсний агуулахгүй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн дөрвөн улирлын ажиллагаатай хүлэмжтэй, хүнсний зориулалтын олон агуулахтай боллоо. Улаанбаатар хотын хүнсний агуулахын хүчин чадал дөрвөн жилийн өмнөхөөсөө эрс нэмэгдсэн” гэж ярьсан удаатай. Халамжаас татгалзаж, баялаг бүтээдэг салбартаа зээл өгч, хэцүү хатуу жилүүдэд хэдэн мянган хүнийг ажилгүй суулгаагүйд нь Золжаргалын багт талархах учиртай. Ажлын байрыг хадгалж үлдэх бодлого бариагүй бол эдийн засаг 30 хувиар агшиж, 200 мянган хүн ажилгүй болох байсан гэсэн түгшмээр статистик дуулддаг. МАН засаг барьсан 2011-2012 онд 1.9 их наяд төгрөгийг зүгээр л халамжид зарцуулчихсан том алдаа бий. Төв банкны шинэ ерөнхийлөгчийн хувьд анхаарч бодохоор л сургамж. Ирэх жилээс бондын эргэн төлөлт энэ тэр гээд яривал асуудал, зовлон их бий.

Гадаадын хөрөнгө оруулалт тасарч, доллар ховордсон үед Монголбанкны долларын ханшийг тогтворжуулсан нэг арга нь своп хэлцэл. Тодруулж хэлбэл, Хятадын Ардын банктай хийсэн төгрөг-юанийн своп хэлцэл. Удахгүй дэлхийд чөлөөтэй хөрвөх валют болох юань ноён ногооныг тэнгэрт тултал нь галзууруулаагүй том шалтгаан. Хятадын хувьд дэлхийн 30 гаруй улстай манайх шиг своп хэлцэл хийчихсэн гүрэн. 3.2 их наяд юань гэсэн аварга тоо дуулддаг. Гадаад худалдааны тогтворгүй байдал бүс нутагт асуудал үүсгэдэг, бүс нутгийн асуудлыг хүндрүүлэхгүйн тулд гадаад худалдааг тогтвортой байлгах ёстой, гадаад худалдааг тогтвортой байлгадаг механизм нь своп хэлцэл. Тэгэхээр энэ хэлцэл ирэх жилүүдэд ч үргэлжлэх учиртай.

Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Энэ нөхөр экспортыг дэмжсэн учраас долларын ханш өссөн” гэсэн гэнэн мэдэгдэл хийж харагдсан. Доллар олж ирдэг экспорт долларын ханшийг өсгөхгүй, харин ч буулгана гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хүн ч төвөггүй хийчихнэ. Эрх баригч нам ирэх жилүүдэд ийм гэнэн, өнгөц, хайнга хандлагаар долларын ханшид хандахгүйгээр засаг бариасай гэж найдах л үлдэж байна. Төв банкны шинэ удирдлага нам гэсэн малгайн дор иймэрхүү хандлагад битгий автаасай, өнгөрсөн жилүүдийн зөв бодлогыг үргэлжлүүлээсэй гэсэн хүлээлт нийгэмд байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгчид уламжилъя.