“Эрдэнэт үйлдвэр – Ард түмний өмч” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Улмаар дараах 3 үндсэн чиглэлээр мэдээлэл хүргүүлэв.

  1. Тус хөдөлгөөний зүгээс 2016.07.26 -ны өдрийн Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандаж хүргүүлсэн асуулга, шаардлага түүний биелэлт, хариу
  2. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлуудаар тус хөдөлгөөний зүгээс зохион байгуулж буй санаачлагууд
  3. Цаашдын үйл ажиллагааны тухай

Нэг. “Эрдэнэт үйлдвэр – Ард түмний өмч” хөдөлгөөн Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын Гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан 4 зүйл бүхий асуулга, шаардлага:

Асуулга:

  • ОХУ-ын эзэмшлийн 49%-ийг Монгол Улсын хууль, эрх зүйн хүрээнд талууд шилжүүлэн авсан эсэх. Ингэхдээ уг худалдан авалтын төлбөрийн эх үүсвэрийг тогтоох, “Mongolian copper corporation”-ны хувь эзэмшигч компани болох Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшлийн талаарх мэдээллийг нээлттэй болгох.

Шаардлага:

  1. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан, үндэсний үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд худалдах, улмаар иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, үүнээс 10%-ыг Эрдэнэтийн нийт иргэдэд эзэмшүүлэх.
  2. Монголын талын эзэмшлийн гэгдэх 51%-ийг хоёр хэсэгт хуваан эзэнгүйдүүлэх гол нөхцөл болсон Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын 2016 оны 68-р тогтоолыг хүчингүй болгож, төр, ард түмний өмчийг эзэнтэй, хяналттай болгох
  3. ОХУ-ын эзэмшлийн 49%-ийг худалдан авах ажлыг Монгол Улсын хуулийг зөрчин, үгсэн хуйвалдах замаар “Mongolian Copper Corporation”-д олгосон бусармаг үйлдлийг таслан зогсоож, эзэн холбогдогч этгээдүүдийг тогтоон хуулийн хариуцлага оногдуулах

Дээрх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тодорхой дүгнэлт гарган Засгийн Газар, улмаар Засгийн Газрын зүгээс УИХ-д танилцуулахаар ажиллаж буй хариуг албан ёсоор ирүүлсэн байна. Мөн төрийн эзэмшлийн 51% -ийг эзэнтэй, хяналттай болгож, Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын тогтоолыг хүчингүй болгосонд манай хөдөлгөөний зүгээс талархалтай хандаж байна.

 

Хоёр. Хөдөлгөөний зүгээс дээрх асуудлаар өнгөрсөн 1 сарын хугацаанд Орхон аймгийн иргэдээс “Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг ард түмний мэдэлд авах” асуудлаар гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд, дэмжигчдийн тоо 15.000 гаруй болоод байна. Тус хөдөлгөөнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтанд орж, санаачлагуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран тэмцэхийг уриалж ажилласан.

Үүний үр дүнд 20 гаруй иргэний нийгмийн байгууллага бидэнтэй нэгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, гишүүд нэгдэж буй боловч харамсалтай нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ноён Н.Батбаатар тэргүүтнүүд дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа нь биднийг гайхаж хардахад хүргэж байгааг онцлон тэмдэглэе.

 

Гурав. Цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүд:

 

  • Хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлж, дэмжигчдийн бүртгэлийн ажлыг өргөжүүлэх, мэдээллийн нээлт, ил тод байдлыг хадгалах
  • Засгийн Газрын томилогдсон ажлын хэсэгтэй Хөдөлгөөний төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл уулзах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
  • Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Тус 49%-ийг одоогоор эзэмшиж буй гэгдэх компани болон хувь эзэмшигчид, төлбөрийг гүйцэтгэсэн хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой МАШ НОЦТОЙ гэж үзэж болох тодорхой баримтууд цугларч буй тул үүнийг баталгаажуулсаны үндсэн дээр холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулах,
  • Энэхүү хуйвалдаан, будлианы ажлыг зохион байгуулж, ард түмнийг хохироосон Ч.Сайханбилэгийн Засгийн Газар, түүний холбогдох хүмүүсийг АТГ, хуулийн болон тагнуулын байгууллагаар шалгуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

 

Эцэст нь: Засгийн Газраас томилогдон ажиллаж буй ажлын хэсгийн зүгээс эрчимтэй ажилласан үр дүн, улмаар уг асуудлаар Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын гаргасан албан ёсны шийдвэр буй эсэх, хэрэв тийм бол түүнийг олон нийтэд ил болгох, Mongolian copper corporation-ны мэдээллүүд, ажлын хэсгийн хяналт, шалгалтын ажлын дүнг цаг алдалгүй Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн Газар, УИХурал хэлэлцэж, холбогдох шийдвэр гарган Монголын Ард түмэнд нээлттэй ил тод болгохыг уриалж байна.

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ XX ЗУУНЫ МАНЛАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР – АРД ТҮМНИЙ ӨМЧ” ХӨДӨЛГӨӨН

www.facebook.com/ Erdenet.Community, Утас: 99138847, 91909497