Улсын хэмжээнд сүүлийн таван жилд зам тээврийн осол хэрэг 6636 бүртгэгдэж осол хэргийн улмаас 6868 хүүхэд хохирсон ба үүнээс 268 хүүхдийн амь нас хохирч, 6599 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. 2016 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд зам тэээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амь нас хохирч, 135 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 17,6 %-иар буурч, гэмтсэн хүүхэд 4,7 %-иар өссөн тоон үзүүлэлттэй байна. Үүнээс амь нас нь хохирсон хүүхдийн 24 нь, гэмтсэн хүүхдийн 49 нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл дийлэнх тохиолдол нь орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ нийслэлд явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа амь нас эрүүл мэндээрээ хохирсон нь хамгаалах бус, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглүүлж хэвших, эцэг эх асран хамгаалагч нар хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байж 10 хүртлэх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Иймд Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж хүүхэд багачуудыг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж дараах чиглэлээр хамтран ажиллах гэж байна.

  1. Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх Ерөнхий боловсролын сургуулиудын “Сургуулийн автобус”-ны судалгааг гаргаж нэгдсэн журмаар 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвийн талбайд Сургуулийн автобуснуудыг үзлэгт хамруулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
  2. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой орон нутгаас Улаанбаатар хотруу чиглэсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед Мэргэжилийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Оюутан тээвэр” арга хэмжээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотруу чиглэсэн зүүн, баруун, хойд чиглэлийн аймгуудын авто замуудад 24 цагаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
  3. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран гурвалсан гэрээ байгуулж 1-5 дугаар ангийн сурагч, эцэг эхчүүдээр “Аюулгүйн зураглал” буюу “Гэр-сургууль-гэр” гэсэн маршрутыг гаргуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, өдөр тутам хэрэглэж хэвшүүлэх, сургуулийн ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа эцэг эхчүүд хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцлийн талаар фото зураг болон дүрсээр баримтжуулан авч Замын цагдаагийн газарт мэдээлж аюулгүй орчинг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллана.
  4. Хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуучууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаасаа болж зам тээврийн осолд өртөх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан тул энэ жил 1-р курсэд элсэн орж байгаа оюутануудад “Их хотын соёл” сэдэвт сургалтыг бүх их дээд сургуулиуд дээр 2016.09.12-ноос 2016.09.30 хооронд Монголын Оюутны Холбоотой хамтран зохион байгуулна.
  5. Мөн энэ хичээлийн шинэ жилд шинээр хийж хэрэгжүүлэх гэж байгаа нэг том ажлын нэг бол хүүхэд зорчих хэсгээр замын хөдөлгөөнд оролцохдоо цацруулагчтай ханцуйвч хэрэглэн баруун гараа өргөж замын хөдөлгөөнд оролцдог гадаад орнуудын туршлагыг Нийслэл хотод хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарласан үндэсний компаниудыг уриалан оролцуулж байна.

Хэдийгээр сургууль бүр school police гаргаж байгаа ч эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд зам тээврийн осолд өртсөөр байна. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ зам дээр тоглож болохгүй, гарцтай газраар гарах зэрэг зөвлөгөөг өгч өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй байна.

А.Баярмаа