Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Тус төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээж, үнэмлэх олгох ажлын хүрээнд өдөр тутам 600-800 гаруй хүнд үйлчилж, 300-500 жолоочийн үнэмлэхийг хэвлэж байна.

Энэ оны жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг худалдан авах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаа удааширснаас үүдэж, 2016.04.10-ны өдрөөс эхлэн үнэмлэх хэвлэлт бүрэн зогсож, тендерт шалгарсан компани бэлдэц нийлүүлж эхэлсэн 2016.07.18-ны өдрийг хүртэлх хугацаанд 40 гаруй мянган иргэдийн захиалга хүлээгдэх болсон юм.

Энэ хугацаанд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан 3 сарын хугацаанд хүчинтэй “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг иргэдэд олгож байсан бөгөөд одоогоор 4, 5, 6 дугаар сард үнэмлэх шинээр болон нөхөн авах, солих захиалга өгсөн иргэдийн жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгосон ба цаашид захиалга өгсөн цаг хугацааны дарааллаар нь хэвлэж олгохоор ажиллаж байна.

Жич: Жолоочийн үнэмлэхтэй холбогдох мэдээллийг Лицензийн төвийн 70006996 дугаарын лавлах утсаар авна уу.