2008 оноос хойш тасралтгүй цэнхэртсэн Хан-Уул дүүрэг энэ удаа дотоодын асуудлаасаа болж орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцож мэдэхээр нөхцөл байдал бий болжээ.

Шалтгаан нь, өнөөх л намаа ялагдалд хүргэсэн дотоодын зөрчил тэмцэл, ямар ч хамаагүй бусармаг аргаар эрх бүхий албан тушаалуудыг гар дороо байлгах гэсэн эрхтэн дархтнуудын санаархал. Тодруулбал, Ардчилсан намыг УИХ-ын сонгуульд навс ялагдуулсан гол буруутнууд болох намын дарга З.Энхболд, “Женко” Х.Баттулга нар энэ удаа УИХ, НИТХ-д цорын ганц цэнхэр тойрог болсон Хан-Уулыг самрахаар оролдож байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Өнөөдөр тус дүүргийн Ардчилсан намын хурал болж Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 35 мандатын төлөө өрсөлдөх гишүүдээ сонгох болоход З.Энхболдын гарын хүн гэгддэг МоАХ фракцид харьяалалтай Г.Байгальмаа, Х.Баттулгын дүү Х.Баттуул нарын тусламжтайгаар 2012 онд дүүргийн АН-ын даргын албаа хүлээлгэн өгч байсан Б.Ариунболд, мөн одоогийн дүүргийн АН-ын дарга Д.Батбилэг нар ихэнх нэр дэвшигчдийг МоАХ-ны гишүүдээсээ сонгохоор улайрч, янз бүрийн арга саам хэрэглэсэн байна.
Ингээд шийдвэрлэх ёстой байсан асуудлаа нэг тийш болгож чадалгүй намын гишүүд нь хурлаа хаяж оджээ. Ийм бусармаг байдлыг тэвчиж чадаагүй 17 нэр дэвшигч нь сайн дураараа нэр дэвшихээс татгалзаж хурлыг хаясан байна. Улмаар Хан-Уул дүүргийн АН-ын дэргэдэх Шинэчлэлийн хөдөлгөөн байгуулж ажиллахаар болсон байна. Тус дүүргийн иргэд ардчилалд элэгтэй, АН-д саналаа тогтмол өгдөг. Тэгвэл энэ байдлыг ашиглахаар Хан-Уул дүүргийн АН-тай ямар ч холбоо хамааралгүй Г.Байгальмаа, Х.Баттуул нарын хүмүүс өөрсдийн гар хөлөө болгосон нөхөдтэй нийлж намын салбар хороогоо самарч байгаа нь харамсалтай.