Төсвийн орлого төлөвлөснөөс дутаад байгаагийн нэлээд хэсэг нь өмч хувьчлалаас орж ирнэ гэж тооцсон мөнгө орж ирээгүйтэй холбоотой гэдгийг хэлэх эрхмүүд байгаа. Тэрчлэн хямралыг давахад чухал нөлөө үзүүлэх нэг арга нь хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэх байж болно гэдгийг хэлэгсэд байгаа. Гэхдээ манай тухайд хувьчлалыг хуудуутай хийж ирсэн түүх замналтай учир уг асуудлыгажил хэрэг болгохдоо нэлээд чамбай хандах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй болов уу. Ер нь бол төр өөрийн харьяалалд байх шаардлагагүй өмчүүдээсээ татгалзах нь улс орны хөгжлийг урагш ахиулахад тустай талаар хэлж ярих эдийн засагчид бий. Гэхдээ энд шаардлагагүй өмчүүд гэдгийг тодотгож хэлэх ёстой юм. Тэрнээс биш төр нь хэсэг нөхдийн лоббигоор суурь хийгээд өмчүүдээ тэрдундаа өөрийн мэдлийн компаниудаа, онцгой салбаруудаа хувийн хэвшлийнхэнд олон таван үггүй өгчихөөд, яавал ч яаг гээд орхих ёстой гэсэн үг. Уг нь засаглалын шилжилттэй зэрэгцэн их хувьчлал явуулж байсан туршлага бидэнд бий. Туршлагад нь онооноосоо алдаа нь давамгайлсныг ч одоогийн нөхцөл байдлаас харж болно. Төрд данстай бүхнийг тухайн цаг үеийн эрх баригчид хуваан халаасласны нөгөө талд улс орон, иргэдийн амьдралд бараан сүүдэр туссаныг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн хувьчилж болно. Гэхдээ аль салбар дахь аль компаниудаа хувьчилах нь зөв бэ гэдэг дээр бодлоготой хандахгүй бол хувьчилж авсан нэртэй нөхдүүд нь тухайн өмчийн газар, обьектоор илүү мөнгө хийн, үндсэн үүргийг нь гажуудуулчихдаг. Хувьчилсан л бол шинэ эзний өөдөөс илүүг дуугарах эрх төрд ч үнэн хэрэгтээ үгүй учраас, тэдний хуудууг нь үг дуугүй хараад л сууж байдаг баларсан жишиг тогтсоны бэлхэн жишээ бол Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Гутлын үйлдвэр юм. Өдгөө энэ үйлдвэр“Номин” компанийн гараар орчихсон. Тус компани Гутал үйлдвэрийн байрыг хорин жилийн түрээсээр ашиглаж байгаа нэрээр хувь заяаг нь бүрэн дампууруулчихаад байна.

Ерөөс 1991 онд Өмч хувьчлах тухай хууль баталж, улмаар хувьчлалыг эхлүүлсэн асуудал нь сонгодог, зах зээлийн орчинд хийгддэг өмч хувьчлалтай адилтган үзэхийн аргагүй үйл явц болсныг хэлэх хүмүүс бий. 1991 онд Өмч хувьчлалын комиссын анхны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун хэлэхдээ “Тухайн үед цаг хугацаандаа баригдаад эд хөрөнгийн үнэлгээг дансны тайланг үндэслээд хийж байсан. Савхин эдлэлийн компанийн хувьцааг гаргахад 400 сая төгрөгийн хөрөнгөтэй, 40 сая төгрөгийн банкны өртэй, 10 сая төгрөгийн авлагтай. Авлагыг нь нэмлээ, өрийг нь хаслаа. Жаахан механик хандлага л даа. Аль үйлдвэр нь ашигтай, аль нь арай бага алдагдалтай гэдгийг анхаарах ёстой байсан гэж боддог. Ханын материалын үйлдвэрүүд гэхэд цул алдагдал. Бололцоо байгаад үнэлгээг нь зах зээлийн ханш руу дөхүүлж хийсэн бол иргэд үр ашиггүй үйлдвэрүүдийн хувьцааг авах ажиллагааг хаах байсан болов уу.” хэмээн ярьсан байдаг. Энэ бол өмнөх хувьчлалыг гардан хийсэн хүмүүсийн нэгнийх нь байр суурь гэдгийг дахиад хэлье.

 

Тэгэхээр одоо бид дараагийн хувьчлалдаа алдаж онож үзсэн юм шиг хандах хэрэгтэй байна. Төрийн өмчит компаниудын хувьцааг 2013-2016 онд үе шаттайгаар хөрөнгийн зах зээлд гаргахад анхааран ажиллаж байгаа гэх мэдээллийг өмнөх засгийн үед ажиллаж асан Төрийн өмчийн хорооны зүгээс өгч байсан. Ер нь энэ асуудлыг С.Батболд засаг удирдаж байх үед анхааран ярьж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Төр өөрийн мэдлийн компаниудаа ухаалгаар залахаар ядаж байгаа энэ үед анхаарах ёстой асуудлууд мэдээж байгаа. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүн, засаглалын асуудал дээр анхаарах ёстой юм. Ер нь манай Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн олонхи нь алдагдалтай ажиллаад олон жилийн нүүрийг үзэж байгаа нь төрийн өмчийн компаниудийн менежментийн хоцрогцол хадгалагдсан хэвээрээ байгааг л харуулаад байгаа хэрэг. Тэгэхээр анхаарах ёстой асуудлууд нь юу байна вэ гэхээр, Компанийн гүйцэтгэх удирдлагын зорилго, хүрэх ёстой үр дүнг нээлттэй, ойлгомжтой болгох ёстой. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг төлөвлөх, хянах, хэмжих, дүгнэх ажиллагааг зах зээлийн орнуудад хэрэглэж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн компанийн хүний нөөцийн бодлогыг өрсөлдөөнтэй, ил тод, нээлттэй байлгаж,мэргэшсэн, үр дүнтэй, шударга ажиллаж чадна гэдгээ үйл ажиллагаагаараа нотолсон, орчин үеийн менежментийн арга барилыг сайтар эзэмшсэн менежерүүдийг өрсөлдөөний зарчмаар ил тод сонгодог болгох, компанийн засаглалын орчинг нээлттэй, олон улсын жишигт хүргэх шаардлага зэрэг асуудлууд тулгараад өдийг хүрч байгаа юм.

 

Эх сурвалж: Б.Итгэл

Шуурхай.мн