Зуны зугаатай өдрүүд дуусч, эрдэм номдоо шамдах өдөр ирлээ. Өнөөдөр "Есдүгээр сарын нэгэн" аав, ээжийнхээ гараас хөтлөн цэцэрлэг, сургуулийн босгыг алхдаг анхны өдөр.

 

Бяцхан хоёр настангууд цэцэрлэг гэх том айлд хүмүүжихээр анхы өдрөө нүд дүүрэн нулимс цийлэгнүүлсээр аав, ээжээ даган уйлах нь энүүхэнд. Зарим нь эхний өдрөө учраа мэдэхгүй баяртайгаар үлдэнэ.

Зургаан настангууд эрдмийн их уурхай болсон "сургууль"-ийн босгоо алхан тоглох насаа үдэх нь тэр. Тэдний зарим нь бал, дэвтрээ ч ялгахгүй зөвхөн тоглоомоо л санагалзаж санаа алдан эхний өдрөө дуусгадаг гэдэг. Харин нөгөө хэсэг нь ааваа, ээжээ, цэцэрлэгийн багш аа дуудан уйлж, анхны хичээлийн дэвтрээ нулимсан дуслаараа мялаана. Хөөртэй, хөгжөөнтэй, баяртай, гунигтай Есдүгээр сарын нэгэн Ерөөсөө бидний баярын өдөр.

Шинэ хичээлийн жилийг тохиолдуулан зургаан настангуудын анхны хичээлийн дэвтрийг та бүхэндээ онцлон сонирхуулахыг зорилоо.

Хичээлийн анхны өдөр зургаан настангуудад харандаагаа зөв барих, үсгээ үзэхийн өмнөх гарын дадлагажуулан зурлага эхэлж заана. Зургаан настангуудад энэ нь их сонин, содон санагдсан ч тэд бүгд цэцэрлэгийнхээ тухай л бодож суудаг гэнэ. "Багшийгаа цэцэрлэгийн минь багш дээр хүргээд өг эгч ээ" гэж уйлах нь олонтаа. Хамгийн анхны зургаан настангууд ангиар уйлдаг байсан бол өдгөө харин харьцангуй гайгүй болсон гэдэг. Учир нь эцэг, эхчүүд цэцэрлэгийн багш хүүхдийнхээ сэтгэл зүйг сургуульд орно хэмээн бэлтгэж байгаагийн үр дүн ажээ.

 

 

 

Хүн бүхэнд анхны гэсэн бүхэн дурсамж, дуртгал болон үлддэг. Тэгвэл та хүүхдийнхээ анхны хичээлийн дэвтрийг хадгалаарай. Зурлагаа эхний хэдэн өдрүүд бичих бөгөөд тэднийг урамшуулж багш нь SMILE, ТАВАН Хошуугаар мялаадаг юм. Дөнгөж цэцэрлэгээ орхин сурагчийн ширээнд суух болсон зургаан настангууд багшийнхаа мялаалгын дүнг авах гэж бусадтайгаа уралдаж, хичээнгүй бичиж эхэлдэг.

Тэд ийнхүү сурагч хэмээх нэртэйгээ дасан зохицож, цагаан толгойн үсгээ үзэж, уншиж, бичиж сурахаар...

 

Ийнхүү үсгээ үзэж дуусаад, 1-100 хүртэлх тоогоо нэмж, хасаж бүтцийг нь мэдсэн бяцхан сурагчидын авах дуртай SMILE, ТАВАН Хошуу өөр үнэлгээгээр солигдоно.

Маш сайн, хангалттай, сайжирч байгаа, Анхаарах шаардлагатай гэсэн дөрвөн үнэлгээнд шилжиж тэд жинхэнэ сурагч болох их үйлсэд шамдан бүх л өдөр зөвхөн хичээл хийх өдөр болж хувирдаг. Гэртээ ч, сургуульдаа дээрээ ч тэд тоглох эрхээ хасуулж хичээлээ хийсээр хаврын шалгалттай золгоно. Олон хоног хичээнгүйлэн шамдсаны эцэст тэд "маш сайн" үнэлгээ авч одоо л нэг амсхийж тоглох эрхээ эдлэн зуны гурван сарыг өөрсдийн дураар өнгөрүүлнэ. Ийн тэд өнөөдөр анги дэвшиж "Том сурагч" гэсэн нэртэй болж ахиад хичээлдээ шамдах өдрүүд айсуй. Зургаан настангуудыг бурмаар биш УРМААР тэтгээрэй эцэг, эхчүүд минь.

Монголынхоо бүх үрсдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

 

 

Х.Даваа