Та бид ямар ач холбогдолтойг нь мэдэхгүй ч эрүүл мэндийн даатгалаа төлсөөр байдаг. Осолдохгүй төрийн эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлэхдээ нэг ашигладаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлдөг хэн бүхэн мэдэхэд илүүдэхгүй нэгэн заалтыг толилуулж байна.

Эрүүл мэндийн даатгал төлөгч та эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эмчилгээнд шаардлагатай байгаа эм тариаг өөрийнхөө мөнгөөр авсан бол гаргасан зардлаа буцаан авах эрхтэй. Энэ тухай хуулийн заалт байдаг. Тодруулбал Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4-р бүлэг 13-р зүйлд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүргийн талаар хуульчилсан байгаа. Уг хуулийн 13.1.8-д Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдодл зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгоно гэж заасан байдаг. Тэгэхээр та өөрөөсөө гаргасан мөнгөө эргүүлэн авах боломжтой гэсэн үг юм.

Үүнтэй холбоотойгоор таны мэдэж авах хэрэгтэй уг хуулийн заалт бол Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцно гэж тус хуулийн 13.1.9-т заажээ.

Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1848000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Үүнээс гадна даатгуулагч та өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болно. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах юм.

Үүнд:

- Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
- Зүрхний олдмол гажгийн мэс засал
- Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
- Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
- Тархи мэдрэлийн мэс засал
- Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
- Бөөрний мэс засал
- Чих, хамар, хоолойн мэс засал
- Гэмтэл, бэртлийн мэс засал
- Ерөнхий мэс засал
- Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.

Даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад 3 сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлөгч та бид өнгөрсөн хугацаанд буюу 2011-2015 онд эрүүл мэндийн даатгалын санд дараах байдлаар мөнгө төвлөрүүлсэн байх юм.

Зарлагаасаа давсан орлоготой байгаа нь дээрх хүснэгтээс харагдаж байна. Тэгэхээр та бидний эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөний зарим хэсэг нь улсын төсөвт орж байгаа гэсэн үг. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн таван жилд 281.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ мөнгийг эрүүл мэндийн салбарт нь үлдээж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх боломжтойг эх сурвалжууд хэлж байна. Ядаж л эм тарианы нөөц бүрдүүлэх шаардлага байгаа. Нөгөө талаас тухайлсан нэг өвчлөлийг бууруулахад анхаарах хэмжээний зардал юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монгол улсад 400 мянга гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн дунд л гэхэд 200 мянга гаруй хүн хепатитын В вирүсийн архаг халдвартай бѳгѳѳд эдгээр иргэдийн 67% буюу 136 орчим мянган хүн хепатитын вирүсийн хамгийн хүнд хэлбэр болох дельта (Д) вирүсийн давхар халдвартай байна. Тэдэнд зориулсан эмнүүдийг төрийн бус байгууллага нь 99 хувийн хямдралтай үнээр оруулж ирээд эхнээсээ үр дүнгээ үзээд байгаа. Харин уг эмийг худалдан авах боложгүй иргэдэд ЭМД-ын сангаас санхүүжилт өгч уг эмийг олгосноор хичнээн гэр бүл элэг бүтэн байх бол. Бодох л асуудал.

Энэ асуудалд салбарын сайд болон төрийн эрх баригчид анхаарал хандуулна биз ээ.