Өнөө зун манай улсад АСЕМ зохиогдоход олон орны Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүд ирсэн. Тэдэн дундаас Сингапурын Ерөнхий сайд манай улсад анх хөл тавьсан нь анхаарал татсан үйл явдал болсон билээ. Сингапурын Ерөнхий сайд гэргий Хо Чинийнхээ хамт хүрэлцэн ирсэн. Хо Чинийг онгоцноос буухад сониуч зантай хүмүүс түүний барьж явсан цүнхийг түрүүлж харахыг хичээсэн байх. Учир нь энэ эмэгтэй 14 ам.долларын үнэтэй, энгийн загвар бүхий даавуун цүнх барьдаг гэдгээрээ хүмүүсийн нүдийг бүлтийлгэдэг. “Том хүний эхнэр байж хямдхан даавуун уут бариад байхдаа яадаг байна. Нөхрийнхөө нэр сүрийг боддоггүй юм байх даа” гэж манайхны зарим хүн хяламхийсэн ч байж магад.

Манайд айлчлахдаа тэрээр энгийн загвар, материалтай , гял цал биш, бариултай жижгэвтэр цүнх барьсан харагдсан. Энэ айлчлалын дараа өнгөрсөн наймдугаар сарын эхээр Сингапурын Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийсэн юм. Энэ үеэр хатагтай Хо Чин мөнөөх алдартай, 14 ам.долларын даавуун цүнхээ барьсан нь барууныхныг тэр чигээр нь шуугиулчихсан. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдуудын гэргий гэхээр тогос шиг л нөхөд дагалдаж яваа харагддаг. Тэгтэл Хо Чиний хувьд тэднээс огт өөр. Өмссөн зүүсэн нь уламжлалт загвартай, энгийн байх агаад цүнх, элдэв чиглэл нь хүний харааг булаагаад байхааргүй даруу.

Хо Чин “Энэ цүнх бол манай улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн. Эл цүнхийг аутизмтэй хүүхдүүд урладаг. Би аутизмтэй хүүхдүүдийн гар урлал, үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж төрийн өндөр дээд арга хэмжээнд энэ цүнхээ барьдаг” гэж хариулсан байдаг. Маш энгийн байгаа биз дээ. Барьж байгаа цүнх нь энгийн, хэлж байгаа нь ч даруу. Сингапур шиг баян чинээлэг хөгжилтэй оронд дэлхийн брэндүүд булан тохой бүрт нь салбараа нээчихсэн. Хаа сайгүй л том брэндийн бэлгэ тэмдэг бүхий логонууд дүүрэн. Ерөнхий сайдын гэргий гээд үнэтэй цайтай цүнх барья гэвэл ёоз ёозоор нь барих хүн бол Хо Чин байлгүй. Гэвч тэр тэгдэггүй.

Энэ эмэгтэй нөхрөө дагаж аливаа айлчлалаар явж байгаагийн цаад нарийн учрыг маш сайн ойлгож, ухамсарладаг болохоор тэр сэжмийг ашиглах аутизмтэй хүүхдийн хийсэн бүтээлийг дэлхий нийтэд гаргачихаж байгаа юм. Хо хатагтайн барьсан цүнхний тухай мэдээ АНУ-ын бүхий л цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдахад уг цүнхийг хайж эрж сурсан хүмүүс гүүглээр дүүрчихсэн юм билээ. Онлайн худалдааны сайтад 14.80 ам.доллараар худалдахаар зар тавьчихсан байсан амьтдын зурагтай энэ гар цүнх долоо хоногийн дотор шуугиад л зарагджээ.

Сингапурт байдаг аутизмтэй хүүхдийн тусгай сургуулийн хүүхдүүд цүнх, түрийвч, түлхүүрийн гэр зэргийг нямбай оёдог бөгөөд сургуулийнхаа хүндэт гишүүн болох Ерөнхий сайдынхаа гэргийгээр дамжуулж бүтээгдэхүүнүүдээ олон улсад амжилттай гаргаж чадсандаа баяртай сууж байгаагаа илэрхийлсэн байна. Хо Чиний хувьд бизнесийн салбарт нэр хүндтэй бөгөөд “Forbes” сэтгүүлийн дэлхийн хүчирхэг эмэгтэйн жагсаалтын гуравдугаарт нэрлэгдэж байсан удаатай.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ иргэдийнхээ аж амьдралтай танилцаж, худалдааны гудамжаар явахдаа 10 мянган вон буюу манайхаар бол ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй хар өнгийн шаахайг дуртай гэгч нь сонгож аваад углачихсан. Өмсч явсан цагаан шаахайгаа борчуулын угладаг хямд шаахайгаар сольсондоо харин ч таатай байгаагаа илэрхийлж байсан. Пак Гын Хэ ийм энгийн, ард түмэнтэйгээ ойр байдаг нь түүний улстөрийн рейтингийг тогтмол өндөр байлгадаг гэж үздэг. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүд ийм энгийн даруу байдаг атал манай сайд дарга нарын гэргий нар бүр эсрэгээрээ. Аль болох үнэтэй, брэнд, дэлхийн одод, баячуудын барьдаг цүнх, өмсдөг хувцасыг гарсан даруйд нь хожигдолгүй өмсч хүмүүсийн нүдийг хужирлахыг хичээдэг. Ойр зуураа өрсөлдөж, үнэтэй ховор, бусад хүн худалдаж аваад өмсч чадахааргүй чамин хувцас өмсч байж л санаа нь амардаг мэт.

Манай нэг том даргын эхнэр маш дэгжин цагаан даашинз өмсчихсөн, харсан болгоныг алмайруулмаар гоёмсог болчихоод халуун нарнаас төвөгшөөж туслах залуугаараа ганган сайхан цацаг, чимэглэлтэй шүхэр бариулаад сүүдэрлэж зогсоо зургийг цахим ертөнцөөс бэлээхэн харж болно. Дундад зууны язгууртан хатагтай эсхүл баян феодалын хатан мэт л үзэгдсэн нь үнэндээ хүмүүсийн дургүйг хүргэчихсэн. Ер нь манай сайд, дарга нарын эхнэрүүд ингэж гангалах дуртай. Брэнд гэж хошуурч биеэ дүүртэл лого болгочихдог. Гэтэл Хо хатагтай хариуцлагатай алба хашдаг том хүний гэргий гэдгээ мэддэг учир биеэ чимэглэхээс илүүтэй улс орныхоо нэр хүнд, ядарсан ард түмнээ сэтгэлдээ тээж явдгийн илэрхийлэл нь тэр 14 ам.долларын үнэтэй, үлэг гүрвэлийн зурагтай жижигхээн гар цүнх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусална, хүүхдийг халамжлах ёстой гэж манай дарга нарын эхнэрүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж элдэв сан байгуулсан тухайгаа ам уралдан зарладаг. Тэд юу хийх гэж байгаагаа зүгээр ингэж ярьдгаас гар бие оролцон зүтгэж тэр ажлаа үргэлжлүүлж үр дүнг нь хардаг нь хэд бол.

Хэрвээ манай энэ сайд түмэд, ноёдын эхнэрүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн урладаг эсгийгээр хийсэн цүнхийг барь гэвэл “Хялгас ноос нь өрвийсөн энэ юм чинь стиль, имижийг минь унагах гээд байна” гэж хялалзаж мэдэх. Төрийн албанд ажилладаг дарга нарын эхнэрүүдийн барьдаг брэнд цүнхний дундаж үнэ ханш нь 500-1000 ам.доллар. Зарим тохиолдол шинэ машинаас ч үнэтэй 20-50 мянган ам.долларын цүнх барьчихсан яваа харагдаж л байдаг.

Аливаа аугаа зүйл энгийн зүйлээс эхэлдэг. Энгийн зүйл хүнийг зөв харагдуулдаг гэдэг зарчмыг баримталдаг Хо хатагтайгаас манай сайд, түшмэдийн эхнэрүүд их зүйлийг сурах хэрэгтэй байна. Суралцах зүйл та нарт их бий.

Төрийн айлчлалаар явахдаа тогос шиг ганган нь биш төлөв түвшин, хүн рүү хандсан илэрхийлэл гаргасан хүн хождог гэдгийг аутизмтэй хүүхдүүдийн урласан 14 ам.долларын гар цүнхний түүх гэрчилж байна. Дарга нарын эхнэрүүдийг үндэсний үйлдвэрийнхээ хийдэг эсгий цүнх, түрийвчийг заавал барь гэж байгаа юм биш. Нөхрөө дагаж олны нүдэндээ харагдахдаа ямар хувцас өмсөхийг заах ч гэсэнгүй. Эмэгтэй хүний хатан ухаан гаргаж жаахан ч гэсэн зүйлд ач холбогдол өгч, үргэлж эх орноо гэсэн сэтгэл тээж явбал Хо хатагтайгаас ч илүү эх орондоо хувь нэмэр оруулж болох юм гэсэн санаа.