Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "хүргэн” гэгдэх "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас дахин саатууллаа. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжийн өмчийг завшсан, үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл Г.Дэнзэнгийн бие байдлаас шалтгаалж хэд хэдэн удаа батлан даалтад гаргаад байсан хэдий ч дахин саатуулан шалгах шаардлагатай болжээ.

 

 

 

 

ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН "ХЭРЭГ”-ҮҮД /хэвлэлд бичигдснээр/

 

 

...ЗГХЭГ-ын дэд дарга болсон, давхар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадаад харилцааны яаманд удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн албан бичиг явуулж байсан. Энэ хүнийг ямар боловсролтой, ямар шалгуураар төрийн өндөр албан тушаал хаших болсныг хэн ч мэддэггүй. Харин түүний талаар саяхан ажлаа өгсөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго өмнөөс нь ичиж үхмээр зүйлийг ярьсан байх юм.

 

Тэрээр "Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн замд би, Монголын хууль саад болсон. Эрх мэдлээр далайлган намайг зайлуулж болно. Хуулийг бол замаас нь гаргаж, мөргөж унагаж чадахгүй л дээ. Эрх мэдэлд тэмүүлж болно. Гэхдээ чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Эрх мэдэл бол ямба биш ажил, хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд л Г.Дэнзэн гэдэг залуу "Би ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болно” гээд зарлаад явсан. Тэгээд миний орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Залуу хүн, математикч юм чинь арай өөрөөр сэтгэх байх, ажилдаа хурдан дадлагажих байх гэтэл маргаашаас нь эхлээд л ангийн хүүхдээ, найзаа, нутгийн хүнээ ажилд авахыг санал болгож эхэлсэн. Эндээс л бид хоёрын зөрчил эхэлсэн дээ. Төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, тийшээ төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж Тэргүүндээ "алтан хошуу” хүргэнэ. Сүүлдээ бараг сар бүр над дээр орж ирж, "Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” гэдэг болсон. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд "Би тэргүүн дэд дарга болохдоо л болно. Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа” хэмээн өгүүлснийг times.mn мэдээллийн сайт 2013 оны тавдугаар сард нийтэлсэн байна.

 

Мөн ЗГХЭГ-т ажилладаггүй О.Чинхүсэлийг, өөрийн ТУЗ-ийн даргаар ажилладаг "Эрдэнэс-Тавантолгой” ХХK-д ажилладаггүй Ц.Мөнхтогтох, Д.Лхагвадорж нарыг ажилладаг хэмээн хуурамчаар тодорхойлоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурсан гэж хардагдах болов.

 

Г.Дэнзэнгийн хувьд хуурамч тодорхойлолт хийсэн нь баримтаар харагдаж батлагджээ. Харин визээ авсан уу, аялсан уу гэдэг нь тодорхойгүй аж. Хэрэв явсан бол хэд хэдэн асуудал урган гарч ирнэ. Нэгд Швейцарь болоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурахад нь Монголын ГХЯ оролцсон шинж харагдаж байгаа. Гадныхныг хуурсан бол Монгол Улсын ГХЯ-ыг Европын орнууд буруутгана. Харилцаагаа чангатгана. Дээр нь хуурамч бичиг баримт үйлдсэн Г.Дэнзэн тэргүүтэй хүмүүст дахиж Шенгений орнуудын виз олгохгүй байх магадлал өндөр гэнэ. Мөн эдгээр хүмүүс аялсан бол зардал нь хаанаас гарсан бэ гэдэг бас нэг асуудал үүснэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, Г.Дэнзэн эрх мэдлээ урвуулан "Эрдэнэс-Тавантолгой” ХХK-иас гаргуулсан байх магадлал өндөр гэнэ.

 

Бас дээр нь ЗГХЭГ-ын дэд дарга гадаад дахь байнгын төлөөлөгчийн газрыг шалгах эрхгүй юм байна. Мөн Швейцарийн Лугано хотод манай байнгын төлөөлөгчийн газар байдаггүй аж.

... "Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын талаарх мэдээлэлдээ 26 настай Г.Дэнзэнгийн ТУЗ-ийн даргаар томилогдсоноосоо хойш улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан талаар мэдээлсэн юм. Үүнд,

-Г.Дэнзэн 2012 онд өөрийн цалин гэж 16 мянган ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан

-Ш.Дэнзэнгийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэхээр болсон

-Мөн эхнэрийнхээ үүсгэн байгуулсан "Говь повер” компани Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан зэрэг хэд хэдэн баримтыг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. Г.Дэнзэн нь ТУЗ-ийн дарга болсныхоо дараа өөрийн эгч Г.Одонгэрэлийг Ханган нийлүүлэлтийн албанд ажилд оруулсан байна. Энэ нь бүхий л тендерийн асуудлыг зохицуулдаг аж.

Энэ мэтчилэн төрийн албыг төрлийн алба болгосон Г.Дэнзэн мэт хүмүүсээс эхлэн улсад хохирол учруулж, тэрбумаар нь мөнгө идэж байгаа асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай байгааг онцлоод, бусад төрийн өмчийн байгууллагуудад ч гэсэн ийм зөрчил байгааг сануулсан юм.

 

А.Аюуш

Үндэстэн агентлаг