УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийг харуулсан хүснэгт, мөн тус үйлдвэрийн улсад төлж буй татварын баримт болон дээрх хувьчлалын цаана байгаа гэх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн байгааг хэлж байсан.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “ОХУ үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг Монгол Улсын талд ирүүлж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Манай Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ ОХУ-ын дарамт шахалтаар татгалзсан асуудлууд байна. Худалдсан схемээр бол зургадугаар сарын 27-нд Сангийн сайд хоёр нууц тушаал гаргаад “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох удирдамжийг батлаад тэр тушаалаараа “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газарт ногдох 51 хувийг, хэрэг дээрээ 49 хувийг худалдаж авсан гэх хүмүүсийн эрх мэдэлд шилжүүлэх ажиллагааг хийсэн. Үүнээс болоод өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дэх Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон.

Иймд Ерөнхий сайдын захирамжаар ажлын дэд хэсэг байгуулагдаж “Эрдэнэт” үйлдвэрээс бид мэдээлэл авах гэхээр өгөхгүй байна. Өнөөдөр болтол ТУЗ-ийн дарга нь хэн гэж хүн болсон нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 51 хувийг төлөөлж зурсан Сангийн яамны Шинэбаатар гэж хүн өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Ингээд Монголын Засгийн газрын 51 хувь байхгүй болсон. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан.

Гэтэл энэ жил 20 тэрбумын татвар төлсөн байна. Харин ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компани эхний наймдугаар сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Үүний цаана ямар дүр зураг харагдаж байна гэхээр “Эрдэнэт”-ийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг хувийн болгосон байна. Түүнчлэн энэ бүх ажиллагааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч хүн юм” гэдгийг онцолсон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийг АВСАН байж болзошгүй Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

Иймээс тэрбээр УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дараахь саналыг хүргүүлсэн байна.

Үүнд:

-Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүнг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх,

-Сангийн сайд асан Б.Болорын 2016 оны 06 дугаар 27-ны өдрийн н/255, н/256 дугаар тушаалыг хүчингүй болгох,

-Дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин эхнээс нь зохион байгуулах,

-“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет нэгдэлд” төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийн шинээр томилж ажилд оруулах,

-Дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийг байгуулах, гүйцэтгэх удирдлагыг томилох, дүрмийг батлахдаа 51х49 гэсэн харьцааг хатуу баримтлах,

-Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монголиан коппер корпораци” ямар эх үүсвэрээр худалдаж авсан болон хууль ёсны байсан эсэхийг онцгойлон анхаарч шалгалтаа үргэлжлүүлэхийг хүссэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг шударга болгож, Монгол Улсын төрийн 51 хувийг үнэгүйдүүлэхгүй эзэнтэй байлгаж, ард түмний эрх ашгийн төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.