Улсын хэмжээнд 143.5 мянган ажилгүй иргэн байгаа гэсэн судалгааны дүнг энэ 5 сард гаргасан. Дээрхи судалгааны дүнг жилийн өмнөх жилийнхтэй харьцуулахад ажиллагсдын тоо буурах хандлагатай, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх, ажилгүйдлийн түвшин өсөх төлөв ажиглагдсан талаар Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүд хэлж байгаа.

Энэ оны эхний улирлын байдлаар 1 сая 89 мянган хүн манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний 320 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт, 210 орчим мянга нь үйлдвэрлэлийн салбарт, бусад 560 орчим мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж.

Ажилгүйдлийн түвшин нэмэгдэх болсныг мэргэжилтнүүд ажил олгогч байгууллагууд үүдээ барьсантай холбож байна. Сүүлийн гурван жилийн турш эдийн засгийн хямралаас үүдэн ААН-үүд цомхотгол хийж, зарим нь хаалгаа барьж байгаа. Цаашид эдийн засаг сэргэхгүй бол ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улс 15 болон түүнээс дээш насны хүнийг хөдөлмөр эрхлэх насных гэж үздэг. Өнөөдөр улсын хэмжээнд 1.9 сая хүн энэхүү болзлыг хангаж байгаа юм.

Монгол Улс хөдөлмөрийн хязгаарлагдмал зах зээлтэй. Ажилгүйдэл, ядуурлыг дагасан гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага мэдээлж байна. Гэмт хэрэг ихэвчлэн гэр болон орон сууцанд үйлдэлддэг байна. Үйлдэгдэж буй гэмт хэрэгт хүүхэд оролцсон хэрэг нэмэгджээ. Боловсролын салбарт суралцаж буй залуучууд болон сургуулийн насны хүүхдийн дунд явуулах хүмүүжлийн ажлыг орхигдуулсан нь гэмт хэрэг үйлдэхэд ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг ч судлаачид онцолдог.

Ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалт алдагдсанаас 2015 онд их дээд сургууль төгсөгчдийн 60 хувь, МСҮТ төгсөгчдийн 30 хувь нь ажилгүй байгаа юм. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ийн 18 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг ч цалингийн хэмжээ улсын дунджаас 25 хувь доогуур байгаа юм.

Ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, иргэдийн амьдрал ядуурч байгааг гэмт хэргийн гаралтаас ч бас харж болно.

Ажилгүйдэлийн түвшинг бууруулах гол арга зам нь үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлэх үүнд төрөөс тодорхой бодлого гаргаж богино хугацааны ажил хийгдэх явдал юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах, ажиллах нөхцлөөр хангаж, дэмжих олон үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг зээлд хамруулж, шинээр үйлдвэр нэмэгдснээр ажилгүйдлийн тоо буурч Дотоодын нийт бүтээгдэхүүний хувь өсөх юм. Ингэснээр гадагшаа гарч ажиллах иргэдийн тоо буурах гээд олон талын эерэг сайн үр дагавартай.

Манай улсад татвараас нуугдан үйлдвэрлэл явуулдаг “жижиг” үйлдвэр газрууд олон байдаг. Тэд татвараас нуугдан орцны хонгил болон өөрийн хашаа байшинд үйл ажиллагаа явуулж бараа бүтээгдэхүүнээ зах дээр борлуулдаг талаар Үндэсний телевизийн мэдээгээр хэд хэд үзэж байсан. Тодруулбал: Гутал, цүнх, пүүз, бие тамирын хослол, куртик, пальто, цамц, дээл, савхин куртик зэрэг бэлэн хувцас болон тавилгын үйлдвэрүүд гээд үнийн хувьд ч хямд бүтээгдэхүүнтэй танилцаж байсан. Үйлдвэр эрхлэгчийн ярьж байснаар Хятад болон бусад орноос их хэмжээгээр бүх төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг мөн үнэ нь ч үнэтэй. Харин тухайн хувцасны материал, оёдол муутай, өмсгөл зэрэг нь монгол хүний биеийн онцлогт тохиромжгүй байдаг. Гэтэл манайхан их хэмжээгээр оруулж ирэн зарж борлуулдаг. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бидний хийсэн бүтээгдэхүүнээс худалдан авбал мөнгө нь дотоододоо та бидний ах дүү нарын амьдралд хэрэгтэй, тустай.

Мөн захиалга өгөөд өөрт тохирсон материал, хийц зэргээр хийлгэх боломжтой хэмээн хэлж байлаа. Харин үүнд төрөөс бодлого боловсруулж ажил хийгдэж байгаа хэдий ч “Үндэсний үйлдвэрлэл” урагшилж өгөхгүй л байгаа юм. Хямрал, өр, зээл улам нэмэгдэж үүнийгээ дагаад ажилгүйдэл буурахгүй нэмэгдэх хандлагатайг Үндэсний статистикийн газраас удаа дараа анхааруулж хэлсээр байна.

М.Буянжаргал