Нийслэлийн ИТХ-ын XХV хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцэнэ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Танилцуулгад нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 13 799-д хүрээд байгааг дурдав. Уг харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй, 2014 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталж байжээ. Гэвч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн чадамжгүй болж, шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага тулгарсан талаар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэв. Мөн тэрбээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд, зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж буйгаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг хэлсэн.

2018 оны нэгдүгээр сараас уг журмыг шинэчлэн найруулж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус 29 байгууллагаас санал авч тусган, холбогдох хурлаар хэлэлцүүлжээ. Мөн есөн дүүрэгт 16 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад эдгээр уулзалт, хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байжээ. Журмын төсөл 10 бүлэг 160 заалттай. Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төрөл нэмэгдэж буй тул үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн заалт оруулжээ.

Журмын төслийн танилцуулгыг сонсож, Хурал дахь хоёр намын бүлгээс дүгнэлт хэлэв. Төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн дүгнэлт, саналыг уншиж, танилцуулав. Санал, дүгнэлтэд “Худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд төвлөрүүлэх бус дүүргүүд зэрэг иргэдэд ойртуулж өгснийг дэмжиж байна” гээд зарим заалтад өөрчлөлт оруулах санал хэллээ. Нийслэлийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо болон Нийгмийн бодлогын хорооноос журмын төслийг хэлэлцэхийг дэмжив. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн орчин, орон сууцны I давхарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.

Намын бүлгүүд болон хороодын санал дүгнэлтийг сонсож, төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авлаа.

Төлөөлөгч Ц.Байгалмаа: -Орон сууцны байрны I давхарт согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг цуцалж болдоггүй юм уу гэж иргэдээс санал олон ирүүлдэг. Журмаар үүнийг цэгцлэх үү?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: -Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчилсэн. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд цэнгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг судалсан. Ингээд орон сууцны хотхон хороолол доторх цэнгээний газрыг 00.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зохицуулалт хийсэн.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Тамхины хяналтын хуулийг мөрдөж эхлээд зургаан жил болж байна. Гэвч ТҮЦ бүхэн тамхи зарж байна. Ямар байдлаар хяналт тавих юм бэ. Журмыг зөрчсөн бол “хар жагсаалт”-д оруулна гэсэн байна. Ямар учиртай болохыг тайлбарлаж өгнө үү. ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулж буй олон хүн бий. Тэр хүмүүсээ яаж дэмжих вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал: -ТҮЦ ажиллуулах үйл явц өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй байна. Тиймээс байршлуудыг нь тогтоож, цэгцэнд оруулах шаардлага бий. ТҮЦ ажиллуулж буй хүмүүстэй удахгүй уулзалт хийнэ. Нийслэлд хориотой үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь удаа дараа илрүүлээд засахгүй бол тухайн байгууллагын мэдээллийг бид иргэдэд нээлттэй мэдээлж байх юм. Үүнийг “хар жагсаалт” гээд байгаа юм.

Төлөөлөгч М.Эрдэнэтуяа: -ТҮЦ-ийн стандартыг боловсруулах ёстой. Хэзээ боловсруулж дуусах вэ? Хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн гэж юу вэ, ойлгомжтой болгох хэрэгтэй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: -ТҮЦ-ийн нэр, томъёоны стандарт бий. Харин үйл ажиллагаа явуулах стандарт гэж байхгүй. ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдах нь аюултай. Тиймээс хориглох нь зүйтэй юм.

Энэ мэтээр төлөөлөгч Ч.Гантулга, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, М.Тулгат нар холбогдох албаныхнаас ТҮЦ-ийн байршлыг хэрхэн гаргах, дүүргийн удирдлага түүнд ямар оролцоотой байх, холбогдох бусад хуульд нийцэж байгаа, эсэхийг тодруулсан юм. Ингээд төлөөлөгчид журамтай холбогдуулан саналаа хэлсэн юм.

Тоймлон хүргэе.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -Худалдаа, үйчилгээ эрхэлж буй болон үйлчлүүлж буй хүмүүсийн эрх ашгийг хамтад нь хамгаалах хэрэгтэй. Дэлхийн бусад хотуудын үйл ажиллагаа ухаалаг болж байна. Ялангуяа, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зөвшөөрөл олгох явц дарамтгүй, цахимаар өгдөг байх хэрэгтэй. Тиймээс үүнийг судалж, ажил хэрэг болгох нь чухал юм.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Хариуцлагын тогтолцоог оруулах хэрэгтэй. Энэ журам гурван том салбарыг хамарч байна. Тиймээс журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхэд анхаарах хэрэгтэй. ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй гэснийг анхаарах хэрэгтэй.

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -Хоёр заалтыг өөрчлөх саналтай байна. Зайрмаг зэргийг хөргөгчинд хийгээд ТҮЦ-ээр худалдаж болно. Журмын 9.2-т журам зөрчсөн хүн төрийн үйлчилгээ авах эрхгүй болгоно гэсэн заалт байна. Үйлчилгээ эрхэлж алдаа гаргаад төрийн үйлчилгээ авахгүй болно гэж байж болохгүй. Үүнийг дахин найруулах хэрэгтэй.

Төлөөлөгч Т.Батцогт: -Төр хувийн хэвшлийг бүх талаар нь дэмжих ёстой. Гэхдээ дэмжиж байна гээд иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж болохгүй. Тиймээс анхаарч ажиллах хэрэгтэй.

Төлөөлөгч Ч.Гантулга: -Стандарт, бүсчлэл анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн дэн буудлуудыг шалгаж, хууль зөрчиж байгаагийнх нь үйл ажиллагааг зогсоох ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Мөн хуучны орон сууцнуудын угсармал барилгын бункеруудыг хааж, ангилсан цэг байгуулах хэрэгтэй байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааны үргэлжлэлээр “Нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэхдээ намын бүлгүүд, хороод болон төлөөлөгчдийн гаргасан саналыг хэлэлцэн, зарим заалтад өөрчлөлт оруулан баталсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва баталсан журмын талаар "Таван мянга гаруй иргэний аж амьдралтай чухал журмыг хэлэлцэн баталлаа. ТҮЦ-ээр хадгалалтын горим алдагдахгүй, шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдуулах саналыг олонх төлөөлөгч гаргаж, дэмжлээ. Ингэснээр бизнес эрхлэгч журам, дүрмийн дагуу үйл ажиллагаатай явуулах нөхцөл бүрдэж байна" гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ