1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн нь нийт 340 тонн спирт болох нь тогтоогдон, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан дуулиант хэрэг гарсан билээ. Хэргийг шалгах явцад тэрхүү асар их спиртыг ус болгосон баримт үйлдэн замхруулсан юм.

Улмаар спиртийг ариутгалын бодисоор сольсноор үл барам гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг Монгол телевизийн сэтгүүлчид хальсанд буулгасан нь дээрх хэргийн дуулианыг улам өрнүүлсэн билээ. 17 чингэлэг спирт нэг шөнийн дотор "алга болоод" зогсохгүй нэр бүхий хүмүүс Монгол телевизээс  уг хэргийн баримт болох хуурцгийг хулгайлсан байдаг. 

 

Уг хэрэгт тухайн үеийн "Женко" компаний удирдлагууд, сэтгүүлч Д.Т гэх мэт хүмүүс шалгагдаж байсан ч гэм буруугүй нь тогтоогдож,  эцэстээ хэний ч үл таних хоёр залуу уг хэргээр ял эдэлсэн юм.

 

Тэгвэл уг хэргийг сануулсан нэгэн үйл явдал Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Багануур дүүрэгт ажиллах үеэр болов.

Тодруулбал 17 чингэлэг спиртын хэргийг илрүүлсэн цагдаа 6 сарын дараа постон дээрээ 27 удаа хутгалуулж, амь насаа алджээ.Талийгаач цагдаа  найман хүүхэдтэй байсан бөгөөд эхнэр нь Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандан орон байраар туслахыг хүссэн юм .  

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх түүний ханийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, тэдний гэр бүлд Багануур дүүрэгт 2 өрөө байр олгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээ амлажээ.

С.Сарнай

sonin.mn