Монгол түмэн минь төв цэнгэлдэх хүрээлэндээ "хоггүй" сайхан наадлаа. Энэ жил 200 гаруй оюутнууд "хандлагаа өөрчилье" уриатайгаар наадамчин олноо цэвэр цэмцгэр наадахыг уриалсан юм. Тэднээс 80 гаруй нь төв цэнгэлдэх хүрээлэнд ажилласан бөгөөд бусад нь хүй долоон худаг, Туул голын эрэг дагуу ажиллаж хүмүүсийг хогоо ангилж хаяхад сургасан нь энэ жилийн наадмын бодит ажил хэрэг болсон дүр зураг байлаа.

Хогоо ангилж хаяхад зориулж томоохон хогийн савуудыг ойр ойрхон байршуулсан нь гадаад, дотооддын жуулчдад маш их таалагдсан нэг ажил болж чадлаа. Төв цэнгэлдэхийн өнгө төрх ч цэвэр цэмцгэр хэвээрээ байсаар наадам өндөрлөв. Өмнөх жилүүдэд хогоо хаа таарсан газраа чулуудчих байсан монголчууд хогоо барьж явсаар хогийн сав руу хийж байгаатай олонтаа таарсан даа баяртай байна. Бид аливааг хийе гэвэл хамтын хүчээр чаддаг гэдгээ ийнхүү харууллаа. Цаашдаа ч байгаль дэлхийдээ хогоо бүү хаяарай "хэвшил" болгоорой гэж захия. 

Мөн оюутнууд зөвхөн наадмаар ажиллахгүй бөгөөд өдгөө энэ зун Тэрэлж, Туул голын эрэг дагуу амрагчдыг "хоггүй" амрахыг уриалж шаардлага тавих ажээ. Дээрх газруудын хүн олноор очиж амардаг хэсэгт хогийн савууд байршуулжээ. Амралт, зугаалганд явах гэж байгаа бол та хогийнхоо уутыг авч яваад бөөгнүүлээд байршуулсан хогийн цэгт хаяна гэдгийг дахин сануулж байна. Ингээд төв цэнгэлдэх гэрэл зурганд хэрхэн буусныг сонирхуулж байна.