Б.Хурц нарын есөн хүнийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутай эсэхийг тогтоох гэм буруугийн шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө эхлэх гэж байна. Одоогоор хохирогчийн өмгөөлөгч ирээгүй байгаа болохоор шүүх хурал /09:30 цагт/ эхлээгүй байна.

Шүүх хуралд 49 оролцогч оролцож байгаа бөгөөд өнөөдөр дуусах магадлалтай байгаа. Өөрөөр хэлбэл, улсын яллагч буюу прокурор, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлснээр шүүх хурал завсарлаж шийдвэрээ гаргах юм.

Өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч Г.Батбаярыг шүүх хуралд хоцорч ирсэн, шүүх хурлын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн гэх үндэслэлээр  300 000 төгрөгөөр торгосон.

Энэ бол шүүх танхимд өрнөх үйл явдал. Харин шүүх хурлын гадаа замын цагдаа ойр орчмын зогсоолыг хариуцан ойр орчмын замыг саадгүй явуулахад анхаарч байна. Харин хэв журмын цагдаа нь шүүхийн байрыг хамгаалж байгаа. Шаардлагатай бол хотоос нэмэлт хүч бэлэн байгаа бөгөөд машинд сууж байгаа харагдсан юм. Үүнээс гадна Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны ойр орчмын дэлгүүрүүд Б.Хурц нарын шүүх хуралтай холбоотойгоор архи согтууруулах ундаа зарахгүй байх үүрэг өгчээ.

Шүүхийн гадна цагдаа нараас гадна Тагнуулын ажилчид машинаасаа огт буухгүй ойр орчмоор явж байгаа сэтгүүлч, жагсагч болон цагдаа, өмгөөлөгч гэх зэргээр олон хүний зургийг авч байв.

Шүүх хурлын гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн гараад ирж магадгүй хэмээн  найдаж хүлээн сууж байгаа харагдсан. Тэднээс гадна С.Зоригийн хүн амины хэрэгт гэрч, хохирогч, сэжигтнээр тайлбар өгч байсан нэр бүхий иргэд шүүх хурлын гадна талбайд харагдаж байсан юм.

Шүүхийн гадна жагсаж байгаа иргэд 12:00 цагаас хойш ирж, анонсоо шүүхийн хашаанд өлгөдөг.  Ойр орчимдоо цэвэрхэн байх ёстой гээд хогоо шүүрдэж, хогийн сав гаргах зэргээр цэгцтэй байдаг. Харин Б.Хурцыг гарч ирэхэд байдал ямар болж байгааг та бүхэн шууд дамжуулж байгаа бичлэгүүдээс үзэж байгаа.

Б.Хурцыг АТГ-д ажиллаж байгаад гарсан н.Нямдорж тэргүүтэй залуус болон хуурай дүү нь гэгдэх  “атманууд” хоёр хэсэг болон хамгаалж байгаа бөгөөд хар маск зүүж нүүрээ нууж, машинаасаа хэр барагтай бол буухгүй байгаа юм. Улмаар Б.Хурцыг орж гарахад нь жагсагчдыг холдуулж машинд суухад нь тусалж байгаа юм.

Шүүх хуралд Ц.Амгаланбаатар болон н.Итгэлтөгс нараас гадна ШШГЕГ-ын гурван ажилтан гэрчээр орсон. ШШГЕГ нь Хууль зүйн сайдын харьяаны газар болохоор эрүүдэн шүүсэн гэх энэ  хэрэгт Ц.Нямдоржийн нөлөө орж болзошгүй байдал үүсээд байгаа.

Шүүх хурлын шийдвэр хэрхэн гарах талаар бид эргэж мэдээлэх болно.