Зураач Л.Өнөрчимэг энэ сарын 18-ны өдөр "Гүрэнт Монгол" хөдөлгөөнийхөнтэй хамтран Налайхын уурхайн 51 хятад ажилтны бичиг баримтыг нь хураан авчээ. Тэд хамтран "Хужаа нарыг эх орноосоо хөөе" хэмээн уриалга гаргасан байна. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Нэгдүгээрт, энэ нь цагдаагийн байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа биш. Хоёрдугаарт, Аливаа хүний бичиг баримтыг төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас шалгах ёстой. Гадаадын иргэний визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харъяатын газрын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой. Хэрвээ гэмт хэргийн зөрчилтэй зүйл ажиглагдвал иргэд, ТББ-ын зүгээс холбогдох байгууллагад мэдээллэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны ажилтны нэрийг барьж үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс Налайх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтыг хийж байна” гэв.