Эхний сюрприз

“Энэ одоо заавал ингэж хөндлөн горив гарах ёстойм байх даа. Тэгвэл 90 гараадас эргээд явбал сайхан тууш зам дээр донслохгүй сайхан байх болуу” гэсэн шүү дэмий юм бодож сэгсчүүлсээр зорьсон газраа ирлээ. Говийн зам ч хашраадаг даа угийн л. 

Энэ амралтын баазын нэр нь их сайхан. Гэвч базаахгүй үгээр угтлаа, “та нар зургаан гэр захилуу? Гурав л байгаа даа, чихэлдээд орно уу даа...”. 

-Юу вэ! Аль таван сард захисан шдээ!!!

-Гүэ харин тэгээ л өглөө эрт ирснүүд нь орчлоошд. Та нар чинь яасан орой ирдийн!

-Бид нар 7-р сарын 21-нд ирнэ гэж захиалсан. Одоо 21-ний 14 цаг болж байна. Бүр уржигдар дахин ярьж баталгаажуулсан.

-Манай Хонгорын голын бүх баазууд иймээ хө. Эсүүл яваад үзкү юу даа ганц ч гэр олохгүй хэхэ... 

Миний дагаж яваа жуулчид Маргад хот зохиол дээр гардаг анивчуурууд шиг хэдэн юм зогсож байна. Аль аль гэр лүү ор гэх нь үү гээд хүлээж байгаа нь тэр. Тэнгэр хөмөрчих шиг санагдан шүлсээ залгиад нөгөө залуутайгаа ахиад ярих гэж оролдов. Ямар ч янз алгаа. Тэгээд одоо нөгөө хэд гадарлалгүй яахав дээ, шаагилдаад эхэлсэн. Учрыг нь ч хэлсэн. Ойлгож өгөхгүй нэлээд удаан амаа ангайн зогссон. Аргагүй дээ. 

Тэгж байтал баазын эзэн гээд өөр залуу ирсэн, асуудлаа нэлээн ч ширүүн хэлсэн. Юм ойлгодог залуу таарч, ийш тийш гүйсээр ажилчдын гэр мэр, өөр байшин сав суллаж бариад эцсийн эцэст нэг юм зохицуулж өглөө.

Удаах сюрприз

Урьдчилан гэрээлсэн автобусандаа суулгаад  Цонжин болдог  руу явуулав. Удалгүй гайд маань залгаж энэ автобус нэг л бишээ гэж байна. Жолоочтой яритал “аа харин жоохон хүч алдаад, зүгээрээ дүү хүү” гэлээ. Санаа амарч, харзная гэж шийдлээ. Ингэж тэгсээр байтал бараг нэг цаг өнгөрчихөж. Ахиад гайд маань залгаж байна, хүмүүс уурлаж байгаа тухай дуулгав. Гэтэл автобус эвдэрч, 20 милийн хурдтай бүтэн цаг уухилаад явчихсан байх нь тэр. 

-Юу вэ, та яагаад шууд хэлээгүй юм бэ?!!! 

-Гайгүй болчихым болуу гэж бодоо л...

Тэд тэнд таг зогсож,  тэднийг очиж авах нөгөө автобус нь хоёр цаг гаруй хүлээлгэж байж  очсон бурхан минь. Жуулчид "зүгээрээ бид нар тэрийг нэг их үзэхийг хүсэхгүй байна, буудалдаа л хурдан очмоор байна" гэлцэв. Нүүр хийх газаргүй болохыг ч ёстой нэг үзсэн өдрүүд байлаа даа. Нэг л их хөтөлбөр, завгүй өдрүүд, адал сонирхолтой зүйлс, зураг авалтуудаар амьсгалсан жуулчид маань бүтэн гурван цаг гаран хугацаагаа зүгээр нэг автбусанд өнгөрөөцөн. Яаж уучлал гуйхаа ч мэдэхгүй, хэцүүхэн... 

Гутгаар сюрприз

Манай урдаа барьдаг сүлжээ хоолны газар луу орцгоолоо. За энэ манай улсын хамгийн алдартай хоол. Халуун чулууг нь гартаа барина гээ л онгирлоо. Гэтэл эхнээсээ хашгираа л явчихав. Хуруу гараа амандаа хийж байна. Ишшш, мөн ч сүржин улсууд аа гээ л өөрөө чулуу барьж үзүүлэх гэтэл шууд л хоёрдугаар зэргийн түлэгдэл авчихлаа. Хэдэн амтгүй  мах ногоо чанангуутаа дунд нь дөнгөж улайсгасан чулуу хийгээд шууд өгчихсөн байгаам даа. Дотор нь сэтгэл гэж зүйл байдаг монгол хүн үлдсиймуу гэмээр санагдсан. 

Дөтгөөр сюрприз

Ямар хүн хорлох гэж байгаа биш, энэ үйлчилгээ Монголд ганцхан байдаг тул хэлэхээ болихоор шийдлээ. Аяллын хамгийн таагүй дурсамжийг энэ газартай хамт бүтээсэн юм. Ёстой зүтгэж, нэр нүүрээ бодсондоо хамаг ашиг орлогоо хасах руу нэлээн лав оруулан байж хамтран ажилласан байна. Тэр газрынхан ашиг олох сайхан, их ашиг олох бүүр сайхан. Гэхдээ хүнлэг хандлага, ёс суртахуунаа мартвал мангас болж байгаа нь тэр байх. 

Татгаар сюрприз

470 машинтай хэдэн залуус хөлсөлж явав. Дажгүй ээ. Жуулчинд яваад сурчихсан ч улсууд. Харин компанийнхан нь хоног дуусахын өмнөх өдөр бүх төлбөрийг нь төлөөд хот руу түрүүлээд ирчихжээ. Маргааш нь жуулчдаа хүлээж автал орь дуу тавьсан юмнууд л бууж ирж байна. Яачихваа гэтэл жолооч нар 100 гаргаж хурдлаад, машин сүлжээд нөгөө хэдийн маань зүрхийг амаар нь гаргах шахжээ. 

-Та нар яаж байгаам бэ? Наяас хэтjэхгүй гэж тохироо биз дээ?

-Тэгээд зүгээр л ороод ирсэн бол болоом бишүү!!!

Мэдээж бид ч гэсэн хөдөө гарахаараа 120 хүргээ л явдаг. Харин жуулчдад safety хамгийн чухал. Гэрээ бүх юман дээр нь энэ дурайж байгаа. Жолооч нартай ч тэгж гэрээлсэн. Гэвч “мөнгөө бүгдий нь авцан, тэртэй тэргүй ажил дууссан, ахиж уулзах юм биш үхсэн баас” гэсэн залуус хамгийн сүүлчийн моментон дээр алдарт хогийн монгол зангаа гаргасан нь энэ. Тэд МОНГОЛ ИХ АЮУЛТАЙ ГАЗАР гэсэн имижийг бүрдүүлж чадсан.

Асуудал хаана байна вэ?

Хүйтэн бүлээн дүүш, орой хоёр цаг өгөөд л тасалдаг тог, баазуудад хийдэг амт муутай хоол, донсолгоотой аймар зам, хэдэн цагаар сэгсчиж явдаг... энэ бол үнэндээ ямар ч асуудал биш байна. Хөгжиж байгаа л орон. Хөгжиж байгаа оны ийм асуудлуудыг ойлгохгүй бол өөрийгөө юм үзсэн жуулчин гэж хэлэх ч хэрэггүй. Хэрэв хямсганаад байгаад түүнд өөрт нь асуудал байгаа гэсэн үг.

Харин бидний хандлага бидний хамгийн том дайсан болж байна. Дуудаад ирдэггүй зөөгч, шөнө гал түлж өгнө гэчээд өгөөгүй амралтын газар, ачааг нь зөөж өгчөөд уурласандаа аваачаад шидэлчихсэн залуус. Дээр дурдсан сюрпризүүд. Энэ бүхэн бид өөрснөө л өөрснийхөө орлого, ашиг, нэр төр, салбарын хөгжил, улсынхаа нүүр царайны эсрэг хийж буй хорлол, дайсагнал болоод байна. 

Зөвхөн замын үйлчилгээ ч биш. Аяллын үйлчилгээ үзүүлэгч тур операторууд ч бас сайн халаадаг аж. Гэхдээ одоо болий доо ямар роман бичиж байгаа биш ккк. 

Ахиж ирэх нь хамаагүй, ирэхгүй байсан ч яадаг ч гүй, дэлхийн хүмүүс дуусах биш гэдэг энэ хандлагаа болихынсан. Ганц аялал жуулчлалын салбар ч биш бүхий л салбарт цөмөөрөө сууж байгаа мөчрөө хөрөөдөхөө болий, иддэг сав руугаа нулимахаа больцгооё. Гэвч хамгийн аймар нэр хугалдаг, улсаар нь тэнэг харагдуулж чаддаг том гарууд бол манай улстөрчид л дөө.

Сайн талууд зөндөө байна

Хүн арай илүү сонирхож магадгүй гээд мууг нь түрүүлж бичлээ ккк. Дандаа ийм хогийн байсан юм биш. Манай сайхан оронд шувууны зураг авахаар ирсэн тэдгээр хүмүүс 14 хонохдоо 14 гайхалтай өглөөг угтаж, мөн тооны сайхан оройг өнгөрүүлсэн. Нов ногоон тал, үржил шимтэй говийн баянбүрдүүд, аварга тас, ёл, буга янгир, зочломтгой монгол айл. Гэнэт ордог азарган бороо, нүүрэнд тулаад ирдэг монголын таван тэрбум одод, цэв цэнгэг сэрүүн агаар. 

Бас үнэнкээрийн сайхан зүйл өгч чадах газрууд ч байна. Ёлын амны Говь номад, Баянзагийн Монгол говь баазууд үнэхээр сайхан тав тух үүсгэж чадсан, тун ч дажгүй дулаан харилцааг соёл болгосон газрууд байлаа. Тэрэлжийн Resort World Terelj үнэхээр күүл. Улаанбаатар хотын төвд ч ховорхон аварга том байгууламж үүсгэж, бүх үйлчилгээг цогцлоосон байлаа. Тэдний тогоочид тусгайлан баярлалаа гэж хэлэх гээд мартсандаа замдаа бяцхан харамсаж байлаа. Хоол нь үнэхээр хөдөлмөр гаргаж хийсэн, маш амттай байсан юм. Талбайн хажуудах Галлериа байшин. Дотроо жуулчдын бүх хэрэгцээг багтааж, өндөр стандарт бүтээж чадсан, үнэхээр мэдрэмжтэй бизнес байна лээ. Мөн хээрийн зөөврийнх атлаа бүх тав тухыг бүрдүүлж чаддаг Drive Mongolia-гийн Баатраа ах мах гээд зөндөө олон бахархал талархалууд бидэнд байна. Бид чадах юмаа чадаж л байна.

Бас хамт байсан, тусалсан хөтчүүд мэргэжилдээ үнэхээр эзэн болж чадсан үлгэр жишээ залуус байв. Залуу үеэрээ бахархасан. Залуу хүмүүс зөв хүмүүжилтэй, мэдлэг боловсролтой, өөртөө итгэлтэй байхыг харахаас илүү сэтгэл цэлмээдэг зүйл гэж юу байхав. 

За нэг иймэрхүү л юм болж өнгөрсөн юм. Монголын жуулчид маш олон болох болтугай. Монгол улсад маш их мөнгө авчран үлдээх болтугай. 

Артаньян

Эх сурвалж: baabar.mn