Монголын хуульчид, шүүгчид, хууль сахиулагчид, эрхзүйчид ёс зүй, хууль журмаа уландаа гишгэж, нэр төрөө шавартай хутгах явдал байнга гарч байна. Уг нь хуулиа дээдэлж, бусдын эрхийг хүндэтгэн ажиллах ёстой хуульч, эрхзүйч нар элдэв хэрэгт холбогдсоор. Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга нь онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэх дуулианд хилийн чанадад холбогдсон. Гэтэл өмгөөлөгч нар өнгөрсөн сарын сүүлчээр Японд тус улсын Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүдэд зориулан зохион байгуулсан, “Гэр бүл салалт”, “Хөрөнгө хуваалт”, “Хүүхдийн асрамж” сэдвийн хүрээнд болсон сургалтад оролцоод буцахдаа манай нэг хуульч архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүйгээр нисэх буудалд хүргүүлсэн гэнэ. Гэвч түүнийг Японы хил, гаалийнхан нэвтрүүлээгүй учраас өөр нэг хуульч хамт үлдсэн аж. Манай хуульчид энэ мэтээр гадаадад улсынхаа нэр хүндийг сэвтүүлж, ёс зүйгээ уландаа гишгэсэн тухай мэдээлэл бий.

Тэгвэл хүний гэм буруутай, эсэхийг дэнсэлж байдаг шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг байцаадаг Мөрдөн байцаах албаны эрх бүхий албан тушаалтнууд эрүүгийн хэрэг өдүүлсэн байж болзошгүй ч тэгсхийгээд нам дарсаар байна. Тухайлбал, МБА-ны Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж буй Ц.Энхбаярыг өмнө нь Сэлэнгэ аймагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай холбоотой хэрэгт шалгаж эхэлсэн байдаг.

Тухайн үед тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, түүний өнөөгийн удирдаж буй хэлтсийнхэн нь очиж шалгасан байдаг юм билээ. Энэ үед Ц.Энхбаяр сургуульд сурахаар хот руу шилжсэн гэнэ. Гэвч төд удалгүй Х.Энхжаргал АТГ-ын даргаар томилогдож, түүнийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга болгосон. “60 тэрбум”-ын талынхан хэмээн Х.Энхжаргал дарга ажлаасаа чөлөөлөгдөхөд тэрбээр мөн л ажлаа сольсон ч өдгөө МБА-ны дээрх хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаа нь ЦЕГ-ын одоогийн дарга хурандаа С.Баатаржав, АТГ-ын дарга асан Х.Энхжаргал нарын харилцаатай холбоотой хэмээн ярих хүн цөөнгүй юм билээ. Харин Ц.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорын байгууллагын архивт шилжүүлсэн гэдэг.

Энэ мэтээр хуульчид, шүүх байгууллагын ажилтнууд илт хууль зөрчсөн хэд хэдэн баримтыг хойно өгүүлье.

ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД НЬ ХУУЛЬ ЗӨРЧЧИХӨӨД БАЙХАД ХАМГААЛСААР БАЙХ УУ

Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нийтийн алба хашиж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан. Улмаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн байдаг. Тиймээс прокурорын байгууллагаас Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Р.Ононгийн үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгүүд болох орон сууц, автомашин зэрэг 644 сая төгрөгийн орлогыг нь улсад авахаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт нь хохирогч тогтоогдоогүй ч нийтийн эрх ашиг зөрчигдөж, улсын төсвийн хөрөнгөөс дээрх 644 сая төгрөг гарсан нь тодорхой болсон учраас прокурорын байгууллага шүүхэд нэхэмжлэл гарган, төрийн мөнгийг буцааж авахаар болсон билээ. Өнгөрсөн хавар ийн шийдвэрлэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул өнөөг хүртэл дээрх 644 сая төгрөгийг Р.Ононгоос гаргуулан, улсын орлогод аваагүй байна. Учир нь шүүх хурлын тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зураагүйгээс уг шийдвэр хүчин төгөлдөр байхаа больсон аж. Шүүх хурлын нарийн бичгийн дарга бол тухайн шүүхийнхээ Тамгын газарт харьяалагддаг, эрхзүйч, зарим нь хуульч байдаг. Хуулиа мэдсээр байж гарын үсэг зураагүй энэ хүндээ харьяалах шүүхийнх нь Тамгын газар, эсвэл ШЕЗ-өөс хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй.

Уг нь ийм байдлаар шүүхийн шийдвэр баталгаажаагүй тохиолдолд дахин хурал хийж, албан ёсны шийдвэр гаргах ёстой байдаг аж. Харамсалтай нь ийм хурал өнөөг хүртэл болоогүй сурагтай.

Нийслэл дэх давж заалдах шатны нэгэн шүүхийн Тамгын газрын ажилтан буюу шүүгчийн туслахаар ажилладаг эмэгтэй бусдаас гурван сая төгрөгийг зээл нэрээр аваад бүтэн жил өнгөрсөн аж. Шүүгчийн туслах, ирээдүйд шүүгч болох хүн ийн бусдыг хохироочихоод байгаа учир мөнгөө алдсан иргэн харьяалах шүүхийнх нь Тамгын газарт хандаж өргөдөл бичжээ. Харамсалтай нь, Тамгын газар нь тухайн албан тушаалтандаа ямар нэг хариуцлага тооцсонгүй. Энэ мэтээр ирээдүйд шүүгч болохоор өөрсдийгөө бэлтгэж буй шүүхийн залуу ажилтнууд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байхад харьяалах шүүхийн Тамгын газар, ШЕЗ, Шүүхийн Тамгын газрын ажилтнуудын ёс зүйн хороо нь дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, өөгшүүлсэн гэхэд хилсдэхгүй нь.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫГ СУЛЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЧИХААД УТСАА САЛГААД АЛГА БОЛСНЫ УЧИР

Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн намар “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” гэдэг ном хэвлүүлсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Уг номын 67-70 дугаар хуудасны “Шүүхийн шоглоом”, “Тамгын газрын шүүгч” гэсэн гарчигтай хэсэгт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар 2018 оны тавдугаар сарын 11-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал захирамж гаргасан ч батлан даалтад гаргаагүй, шөнө өөр нэг шүүгч очиж түүний захирамжийг хүчингүй болгосон тухай бичжээ.

Тухайн үед чухам юу болсон талаар хэд хэдэн эх сурвалжаас мэдээлэл цуглууллаа. Ерөнхий сайд асан С.Баярыг батлан даалтад өгөхөөр болчихоод, хуулиа зөрчин захирамжаа баталгаажуулалгүй, АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын ажилтан найзтайгаа нийлэн, наргиад яваад өгсөн юм байна. Өмгөөлөгч, прокурорууд шүүгчийн захирамжаа гардан авч, үйлчлүүлэгчээ гаргаж авах, эсвэл дээд шатных нь шүүхэд гомдол гаргахаар хүлээж байтал шүүгч С.Батжаргал утсаа салган, хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болсон гэнэ. Шүүгч нь ёс зүй, хуулиа зөрчин, захирамжаа баталгаажуулалгүй алга болсон учраас өмгөөлөгч, прокурорууд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өөр нэг шүүгчид гомдол гаргасан юм байна. Мэдээж ажил тартал хүлээгээд ирэхгүй болохоор нь ийнхүү ерөнхий шүүгчид нь гомдол гаргасан байж таараа. Шүүгч нь ёс зүй, хуулиа зөрчсөн шүүгчийн захирамжийг батлалгүй, цагдан хорих хугацааг үргэлжлүүлэхээр болсон нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарт хүнд туссан нь ойлгомжтой.

Ийнхүү захирамж гаргах хооронд тэр шүүгчийн гар утас нь гэнэт ажиллагаагүй болжээ. “Мобиком”-д гэмтэл гарсан ч юм уу, эсвэл утас нь эвдэрсэн юм болов уу гэж үзээд тухайн оройдоо ач холбогдол өгөлгүй гэртээ харьсан гэнэ.

“МОБИКОМ” БУСДЫН БИЧИГ БАРИМТЫГ АШИГЛАСАН ЭРД ҮЙЛЧИЛЖЭЭ

Үргэлжлүүлэн хорих захирамж гаргасан шүүгч маргааш нь “Мобиком”-ын “Теди” төвд очиж утсаа ажиллахгүй байгааг хэлж шалгуултал “Өчигдөр та III, IV хороолол дахь салбараас шинэ сим карт авсан байна. Түүнийгээ ашигла” гэжээ. Тухайн шүүгч энэ үед хэрэг бишдэж, утасны дугаарыг нь өөр хүн ашигласан болохыг мэджээ. Ингээд хууль сахиулах байгууллагад хандсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн ноцтой зүйл тогтоогдсон гэнэ. Тухайлбал, шүүгч С.Батжаргал шүүхийнхээ Тамгын газраас нөгөө шүүгчийнхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг нууцаар авсан байжээ. Улмаар уг хуулбараа найз Ц.Зоригтбаатартаа өгсөн байгаа юм. Тэр найз нь III, IV хороолол дахь “Мобиком”-ын салбарт нүүр, амаа таглаж, малгай дарж өмсөн очоод “Бичиг баримтаа хаячихлаа. Сим картаа яаралтай сэргээлгэмээр байна” хэмээжээ. “Мобиком”-ын ажилтан ч канондсон цаасыг нь үндэслээд жинхэнэ эзнийх нь бус, өөр хүний түүний хүсэлтийг биелүүлээд өгч.

Жинхэнэ эзэн нь маргааш нь өөрийнхөө иргэний үнэмлэхийг барьж очиж байж утсаа сэргээлгэж авсан байгаа юм.

Харин ийнхүү хуулбар бичиг баримтаар Ц.Зоригтбаатарын сэргээлгэсэн сим картыг С.Батжаргал гэр бүлийнхээ хэн нэгний утсанд хийж, өөрийнхөө эзэмшдэг дугаар луу мессеж бичсэн аж. Улмаар хоёр утсан дээрээсээ бичсэн зурвасаа устгажээ. Чухам юу гэж бичсэнийг сэргээн унших боломжгүй учраас цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан яаж ч чадаагүй бололтой.

НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧЭЭС ӨМНӨ С.БАТЖАРГАЛЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх захирамж гарган, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцаагаад өдгөө зургаад нь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдээс хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн билээ. Харин үлдсэн 10 гаруй хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэднээс өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны 45 дугаартай зарлигаараа эрүүгийн хэрэгт шалгуулж буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон байдаг. НПГ-ын ерөнхий прокуророос ШЕЗ-д гаргасан нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцээд хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний нэг нь дээрх С.Батжаргал шүүгч юм.

Түүнийг найз Ц.Зоригтбаатарынх нь хамт цагдаа, АТГ-аас шалгаад Эрүүгийн хуулийн 26.1-2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. Улмаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэрэг үйлдэгдсэн харьяаллын дагуу буюу “Мобиком”-ын III, IV хороолол дахь салбар байдаг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүх уг хэргийг өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахаар болсон аж. Түүнийг нь НПГ-аас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 10-нд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй, эсэхийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм.

Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар С.Батжаргалыг шүүгчийн сонгон шалгаруулалтад ороход ШЕЗ-ийн гишүүд ажилдаа хайнга хандсанаас эрхзүйч, хуульчийн ёс зүйг уландаа гишгэсэн нэгнийг шүүгчээр томилсон гэх юм билээ. Учир нь тэрбээр шүүгч болохоосоо өмнө цагдаа, прокурорын байгууллагад ажиллаж байсан нэгэн аж. Энэ үедээ буюу НПГ-т ажиллаж байхдаа орлогч прокурорынхоо нэрийг барьж хууль бус үйлдэл гаргаж, өргөдлөө өгөн тус газраас халагдаж байсан гэнэ. Мөн 9911-тэй дугаарын маргааныг Шадар сайдтай ч өрнүүлж амжсан гэдэг. Ийнхүү хуульч, эрхзүйч хүний ёс зүйг удаа дараа зөрчиж байсныг нь ШЕЗ-ийнхөн нягтлаагүй юу, эсвэл ямар нэг ашиг сонирхол байсан уу, шүүгчээр шалгаруулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрийг нь өргөн барьсан аж. Хуульчдаас шилдгийг нь сонгон шалгаруулж, шүүгчид нэрийг нь дэвшүүлэн өргөн барих ёстой ШЕЗ, Мэргэшлийн хорооныхны үүрэг энд хангалтгүй ажилласан мэт. Хэрэв шилдэг, шударга хуульчийг шүүгчээр томилсон бол ийн ёс зүйгүй авирлахгүй, хууль зөрчихгүй нь лавтай.

Түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Ц.Зоригтбаатарын хувьд өмнө нь хулгай, дээрмийн хэрэгт нэг бус удаа ял шийтгүүлж байсан нэгэн юм билээ.

Энэ хүмүүст холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэзээ товлох нь тодорхойгүй бөгөөд магадгүй хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар яллагдагч нар арга саам хэрэглэж байж болзошгүй гэж хардах эх сурвалж цөөнгүй байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Өнөөдөр сонин