"Цэнхэр тэнгэрийн орон" дууны шүлгийг зохиогч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо 2019 оны 12 дугаар сарын 01, 02-нд Монгол Бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтыг түүний багын анд, МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлан санаачилж, "Хамаг Монгол" ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. У.Пүрэвсүрэн нь "Эх орны хил тайван байна" зэрэг цэрэг эх орон, утга уянгын 500 гаруй бүтээлтэй, 3 цомог, нэг кино зохиол бичиж туурвиснаас гадна олон арван уран бүтээлчдийн тоглолтыг тайзнаа найруулсан чадварлаг уран бүтээлч юм.

Түүний тоглолтод МУГЖ С.Жавхлан МУГЖ Л.Болдбаатар МУГЖ Б.Батбаатар МУСТА Б.Батболд МУСТА Д.Март МУСТА Р.Дэлгэрмаа МУСТА О.Баянмөнх МУСТА Б.Болдбаатар МУСТА Э.Төрмандах МУСТА А.Анхбаяр МУСТА Б.Баярцэцэг МУСТА Т.Амина нарын 30 орчим дуучид, ЦДБЭЧ,ХЦДБЧ-ийн нэгдсэн найрал дуучид,бүжигчид, хѳгжимчид зэрэг нийт 260 гаруй бүтээлчид оролцоно. Дуучин Самандын Жавхлан багын найзынхаа зохиосон "Буурал даргын нутаг" дууг хамгийн сүүлд дуулсан байдаг бөгөөд тэрбээр уг тоглолтыг санаачлагчийн хувьд энэхүү цэнгүүнд нэлээд ач холбогдол өгч, гардан ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш тайзнаа дахин гарч, нэлээд олон дуугаа үзэгч олонд толилуулахаар зэхэж байгаагаараа тус тоглолт онцлогтой юм.