Шинэ он айсуй. Тэгвэл иргэд шинэ оны эхний өдрөөс л шуудхан олдог хэдээсээ татварт цөлмүүлэхээр болж байна. Тухайлбал, нийгмийн даатгал 2 хувиар нэмэгдэнэ.

Тодруулбал, 2018 оноос үе шаттайгаар нэмэгдэж байгаа Нийгмийн даатгалын шимтгэл 2020 онд ажил олгогчид нэг, ажилтанд нэг, нийт хоёр хувиар нэмэгдэнэ. / УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлого. Нийгмийн даатгалын тухай хууль. Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хуулийн энэ хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан/

 

Мөн шинээр батлагдсан татварын багц хуулиар Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон юм. Ингэснээр 1000-2000 см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд 100 мянган төгрөг, 4500-аас дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 350 мянган төгрөгийн төлбөр төлнө. /НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдааны шийдвэр/

Дээрхээс гадна татварын шинээр батлагдсан багц хуулинд дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.

-НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болно.

– Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

– Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан бол хүсэлтээ гаргаснаар нэг удаа хялбаршуулсан тайлан өгч орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Мөн дээрх хэмжээний орлоготой, одоогийн хуулиар цэвэр ашгийн 10 хувийг татварт өгдөг байсан хувь хүнд энэ заалт хамаарна.

-Улаанбаатар хотоос алслагдсан буюу 500 км-ээс хол зайнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болон хувь хүний үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувь, 1000 км-ээс хол зайнд байгаа бол 90 хувь хөнгөлнө.

-Татварын өр төлөх хугацааг хоёр сар байсныг 24 сар болгож байгаа.

-Татварын систем цахимжсанаар татварын цэнхэр дэвтэр хэрэглэхгүй.

-Татварын тайлангаа өгсөн өдөртөө татвараа төлж барагдуулах үүрэг хүлээх бөгөөд хоног тутамд алданги тооцдог болно.

-Тайлангаа хоцроосон ААН, иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгоно.

-НӨАТ-ын баримт өгөөгүй тухай гомдлыг гурав хоногийн дотор шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно. /Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/

-Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

-Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол, алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.