Сүүлийн гурван өдөр энэ хоёр хүнээр амьсгаллаа. Бүсгүй цэнхэр дэлгэцнээ нүцгэлсэн гэмтэй. Харин улсын удирдагчдын нэг Энхболд улсаа хувааж, учраа таниулсан гэмтэй.

Дуучин Хишигжаргал гурав хоногийн турш сошиал орчинд аль муугаараа дуудуулж, албан бус доромжлолыг утгаар нь үүрсэн хэрнээ "Би яах вэ, намайг хүссэнээрээ доромжил, харин тэр ярилцлага өгч суугаа хүүг битгий надтай хамтад нь скрийн шот хийгээд элдвээр хэлээд байгаач дээ" хэмээн эелдэгхэн гуйж байх юм. Гэтэл манай энхрий хайрт Ерөнхийлөгчийн тамгын газрыг ахалдаг З.Энхболд тэтгэврийн зээл тэглэх асуудлаас үүдэлтээ тэнэглэлээ бүүр тэвэрч хэвтчихээд, " Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Сангийн сайд Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз, Ерөнхийлөгч ОУВС-тай гэрээ хийгээгүй" гээд хэрэлдээд гүрийчихлээ. Засгийн газар бонд гаргахгүй гээд Сангийн сайд дуугарчихаж л дээ. Тэртэй тэргүй 2020 оны төсөв 2.0 шахам их наядаар дутаад байхад дахиад бонд гаргаад, түүнийг нь гадныхан авлаа юу? Зүгээр тараах гэж байгаа мөнгийг өврөөсөө өгч байдаг зөнгөр тэнэг ч байхгүй. Ийнхүү нөгөө түрүү жилийн 12 сарын 31-ний хэрүүл он дамнан үргэлжилж, ОУВС Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрөө эргэн харах хүрээнд зогсоочихоод байгаа хэрэг. Бонд гаргахгүй гээд Хүрэлбаатарыг дуугарангуут З.Энхболд "Хүрэлсүх Сангийн сайдаа халах солих хэрэгтэй болж дээ" гэж дотор санаагаа додомдож байгаад нүцгэлсэн. Зангиагаа тайлаад шидсэнээс ялгаа юун. ОУВС-гийн асуудал босоод ирэнгүүт "Ерөнхийлөгч гэрээ хийгээгүй, Хүрэлбаатар хариуцлагаа хүлээ" гэж дахин нэг нүцгэлэв. Цамцаа тайлаад хаяснаас юу нь өөр гэдгийг хэлээд өгөөч. За ингэхээр улаан даашинзтай бүсгүй, улсын удирдлага хоёрын аль нь илүү нүцгэлсэн байна даа?

За тийм ээ, тийм...ОУВС, Азийн хөгжлийн сан, Шанхайн чуулга уулзалт...Владивостокын эдийн засгийн уулзалт, цаашлаад НҮБ...бүгдтэй нь Монгол Улс их бага хэмжээгээр түншилдэг. Ядрахдаа гар тосч, чадалтай үедээ асуудал хэлэлцдэг. Тэгээд одоо болохоор нэг улс оронтой байтлаа нэг хэсэг хуваагдаж талцаад, удирдлагууд нь учраа олохгүй дүнгэнэлдээд, сайд дарга нар нь сааталтай юм шиг сармагчны ой санамжаараа гайхуулаад, манай Ерөнхийлөгч, танай Сангийн сайд гэж орилолдоод, төрөө төхөөрч хуваагаад, улсаа улайрч талцуулаад...энэ шинэ жишиг юм уу? Төр удирдах шинэ загвар юм уу? Оюун санаа, мөн чанарын увайгүй шалдлалт гэдэг л энэ байх. За тэгээд энэ хоёр хүний хэн нь илүү нүцгэн шалдан байна даа?