Ариг банкны үйл ажиллагаанд менежмент хийлгэхээр өнгөрсөн баасан гаригт Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томиллоо.  

Энэ нь банкны үйл ажиллагааг нь зогсоож буй хэрэг биш зөвхөн менежментийг нь Монголбанк хэрэгжүүлэх юм.  Мөн зарим эх сурвалж Монголбанкнаас шаардлагатай арга хэмжээ авахад Ариг банк биелүүлээгүй гэх мэдээллийг өгч байгаа.  Тиймээс Банкны тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан гэх.  Уг хуулийн 49-р зүйлд зааснаар “Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно  гэж заасан байдаг.  Мөн  Ариг банкны хөрөнгө оруулагчид болон удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн тул банкны үйл ажиллагааг дампуурах эрсдлээс хамгаалсан яриа ч байна. Ямартай ч энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанк ирэх даваа гарагт өгнө гэлээ.

2014 онд  Эрэл банк Ариг банк хэмээн  нэрээ өөрчилж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг.  Харин Эрэл банк 1997 онд  Монгол Улсын хоёр дахь Арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан билээ.

Тус банкны ТУЗ-ийн гишүүдтэй танилц

СЭР-ОДЫН ЖАРГАЛСАЙХАН: С. Жаргалсайхан нь 1987 онд БНЧСУ-ын Братилав хотын Техникийн их сургуулийг  барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр бакалавр, 1996 онд Нидерланд улсын Маастрихтийн менежментийн сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн. Тэрээр 1991-1994 онд Эдийн засгийн коллеж (Санхүү эдийн засгийн дээд сургууль)-д багш, тэнхимийн эрхлэгч, 1994-1995 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комисст мэргэжилтэн, 1999-2005 онд Хас банкны ТУЗ -ийн гишүүн, 2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хороонд Хорооны даргын зөвлөх, Бодлого зохицуулалтын газрын дарга, 2012 онд Джей Ти Ай компанийн төлөөлөгчийн газар менежер, 2018 оноос Ариг банкны ТУЗ-д ажиллаж байна.

САНЖААГИЙН САЙНБАТ : С.Сайнбат нь 1997 онд МУИС-ийн КТМС-ийг Программ хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр 1996-2003 онд “Номин Трэйд” ХХК-ийн Импорт менежер, 2003-2008 онд “Номин Электроникс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2008-2010-онд “Номин Холдинг ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын захирал, 2010-2014 онд “Номин Холдинг” ХХК-ийн Байгууллагын хамтын ажиллагааны салбарын захирал, 2014-2015 онд “Номин Холдинг ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал, 2015 оноос “Номин Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн Ариг банкны ТУЗ-д ажиллаж байна.

ЭРДЭНЭБАТЫН ЖАРГАЛАН: Э. Жаргалан нь Англи улсад Лондонгийн их сургуулийг эдийн засагч, хөгжил судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр 2008 оноос “Эрэл Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, 2012 оноос Ариг банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

ДАВААХҮҮГИЙН СЭРГЭЛЭН: Д. Сэргэлэн нь 1997 онд Отгонтэнгэр их сургуулийг Англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр бакалавр, 1999 онд Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийг Санхүүгийн удирдлагын магисрт зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Тэрээр 1987-1991 онд Улсын геодези зураг зүйн газар Мэргэжилтэн, 1991-1999 онд “Эрэл” ХХК-д Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, Гадаад харилцааны хэлтсийн даргаар, 2000 оноос “Эрэл” ХХК-ийн Ерөнхий Захирлаар тус тус ажиллаж байна.

БАЛДАНДОРЖИЙН АРИУНЖАРГАЛ: Б. Ариунжаргал нь 1999 онд СЭЗДС-ийг Банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2013 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Тэрээр 1998-2002 онд Анод банкинд зээлийн эдийн засагч, АПУ компанийн эдийн засагч, санхүү, тайлан бүртгэлийн газрын захирал, ерөнхий нябо, санхүүгийн удирдлагын газрын захирал, 2003-2015 онд “Номин Юнион” ХЗХ, “Номин карт” ББСБ-ын Гүйцэтгэх захирал, 2016 оноос “Номин даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Номин Холдинг” ХХК-ийн Санхүү бизнес эрхэлсэн захирлаар мөн “Ариг Банк”-ны ТУЗ-д ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn