2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр  2018 оноос  Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал,  

  1. Арилжааны банкнуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэл: Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан. 
  2. Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал. Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн.

Тэгвэл энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.01.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдоод байгаа.  Өмнө нь  Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.01.13-ны 10.00 цагт эхэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг  өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Маш нууцын зэрэглэлтэй, хаалттай уг шүү хуралд  шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцох юм. Уг хэрэг нь анхандаа нууцын зэрэггүй хэрэг байсан. Харин хавтаст хэрэгт нэг л нууцын зэрэгтэй матриал авагдсан бол хэргийг нь тэр чигт нь нууцын зэрэгт авдаг  тул ийнхүү маш нууцад хамруулсан байна. Тодруулбал арилжааны банк руу мөнгө шилжүүлэх Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал нь өөрөө нууцын зэрэгт хамаардаг аж. Уг тушаал хавтаст хэрэгт авагдсантай холбоотойгоор ийнхүү хэргийг нууцын зэрэгт хамруулсан байна. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа