Үнэндээ энд АРДЧИЛАЛ-д ямар ч буруу байхгүй! Монголчууд “АРДЧИЛАЛ”–ыг хэргээр буруу, муухай, тэнэг ашиглаад байгаад нь бүp цөхрөөд бичлээ гэж байгаад би өмнөх нэг нийтлэлээ эхлүүлж байсан. Одоо үргэлжлүүлье. Гарчгаасаа юун тухай болох нь ч тодорхой байна. Хүлцэж уншаарай, багахан шиг бухимдаарай! 

Эхлээд албаны эх сурвалж news.mn-ээс эшлэе. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 800 мянга гаруй иргэн 82 төрлийн халамж үйлчилгээ хүртдэг. Зах зухаас нь дурдвал ядуу иргэдийг тэтгэх хүнсний талоноор нь сар бүрийнхээ хүнсээ базаачихдаг. Мөн түлшний мөнгө авна. Дээр нь өнгөрсөн жилээс эхлээд дүүргүүд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг ядуу өрхөд үнэгүй тараадаг болсон. Өнөө жилээс нийслэл “Тавантолгой түлш” компанитай хамтраад 10 мянган өрхөд түлш үнэгүй тараагаад эхэлсэн гэдгээ өнөөдөр /2020.09.24/ зарлана билээ. Төрөөс түлшийг нь үнэгүй өгөх тул хүлээгээд л хэвтэж байхад сонгуульд нэр дэвшиж байгаа нэг хүнийх нь албат гэрийнх нь гадаа хүргээд өгчихнө. Мөн төр янданг нь хөөлөөд өгчихнө. Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж нэмэгдсэнээр ажил хийх хүсэл сонирхолтой иргэдийн тоо буурсан.  Жишээ татвал өнөөдөр нийтийн эзэмшлийн орон сууцанд цэвэрлэгч хийх хүн олддоггүй.  Мөн энэ мөнгө хүүхдэд зориулагдах ёстой ч ажилгүй иргэд архи худалдан авч уудаг “хэрэгсэл” болсон. Үнэмшихгүй бол хүүхдийн мөнгө олгогддог өдөр гэр хорооллоор яваад үзээрэй. Хавтгай архидалт угтана. 2019 онд хийсэн судалгаагаар зонхилон тохиолддог эмгэгт архинд донтох эмгэг орсон. Энэ судалгаагаар насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувь байна гэж гарсан. Нэг үгээр 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна гэсэн үг. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Нийслэлийн гэр хорооллын хүнсний дэлгүүрээс жимс ногоо худалдан авъя гэхэд байхгүй хэрнээ архи төрөл бүрээрээ эгнээстэй, лангууных нь ихэнхи зай талбайг эзэлдэг болсон. Тэр бүү хэл ажилгүйчүүдийн зарим хэсэг нь тэтгэврийн хөгшчүүдээрээ өөрийгөө төдийгүй үр хүүхдээ тэжээлгээд хэвтэж байна. “Тэтгэврийн зээл авч өг” гэж дарамталж байна. Төр өнгөрсөн өвөл 800 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл тэглэсэн. Хэтийдсэн халамжийн бодлогоос болж, Монголд ажил хийх сонирхолгүй иргэд олон болж, ядуурлын төвшин нэмэгдсээр. Нэг үгээр тодорхойлбол төр ажилгүй иргэдийн бөгсийг арчиж өгөх л дутаж байгаа гэжээ.

Миний өчил: “АРДЧИЛАЛ”–ыг хэргээр буруу, муухай, тэнэг ашигладаг гэдгээ дэлгэрүүлж тайлбарлахгүй. Эгэл боргил монголчуудад энэхүү ардчилал нь авилга, хулгай, дураараа тонгочих, хэнд ч эрхшээгдэхгүй байх, ерөөсөө зоргоороо эрх чөлөөтэй амьдрах гэж ойлгогддог шиг байна. СОНГУУЛЬ гээд яриад эхэлмэгц тэрийг нь луйвардчихдаг, хэн ч байгаад нэмэргүй гэсэн ойлголттой. ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦАА гэдэг нь өөд уруугүй наймаа сүнгэнүүлж, хэдэн биенээ шулах, аль болох зах дэлгүүр, лангуу чингэлэгийн худалдааг цэцэглүүлэх гээд ойлгочихсон. Гучин жил шилжиж шилжиж ийм л ойлголт мэдлэг, дадалтай үлдчихсэн улс уу бид? Нэн харамсалтайя! 

 

Х.Баттулга: Бид импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо – УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа чуулганы индэрт  Монгол Улсын Ерөнхийлөгч яг ингэж хэлсэн

ЭРХ ЧӨЛӨӨ – Гучин жилд бидний хамгийн сайн эдэлж хэрэглэсэн нь ЭРХ ЧӨЛӨӨ л байна. Би эрх чөлөөг зөв ба буруу; сайн ба муу гэж хоёр салгаж ойлгуулах саналтай. Гучин жилийн түүхээ эргэж нэг харвал буруу ба муу эрх чөлөө нь дэндчихжээ. Зөв ба сайн эрх чөлөөг зөв, төлөв түвшин эдэлж хэрэглэсэн хүн олонхи нь байх болтугай гээд ерөөчихье! Юу гэх гээд байна гэхлээр эрх чөлөө нь аз жаргалтай амьдралынх нь баталгаа, үрс хойч үедээ өвлүүлэх үнэт баялаг байгаасай гэсэндээ зөв сайн гэж тодорхойлоод байгаа ухаантай  юм. Нүднээ үл үзэгдэх гинжнээсээ 1990 онд саллаа. Юу санасан есөн хүслээ биелүүлж, эрх дураараа хийж бүтээж, мөнгө босгож, мөнгөө өөртөө зарж, өөрийгөө хөгжүүлж, өмчөө мэдэж захиран зарцуулах эрх чөлөөг чинь АРДЧИЛАЛ олгочихжээ. Хүртсэн нь олон байна. Шударга иргэд тэдний олонхи нь байна. Гэтэл  АРДЧИЛАЛ-аар олгуулсан эрх чөлөөгөө хайр гамгүй эдлээд, өөртөө лай хураагаад, өөрийгөө, гэр бүлээ сүйтгэчихсэн хүн бас дэндүү олон байгаад л гол харуусал оршино. Ядууралтай нь холилдчихсон эрх чөлөөнд ямар үнэ цэнэ байна вэ? Эрх чөлөөгөө ядууралтайгаа хольчихтой зэрэг ямар эрх чөлөөний тухай яриа үлдэх вэ? Юуг нь дурсах вэ? Монголын нийгмийн эмгэнэлийн тухай ярьж байгаа хэрэг шүү дээ. Хүснэгтээс эрх чөлөөгөө ялгаж үз:

 

 

Яг энэ өнцгөөс би “Хохь чинь!” гэсэн энэ нийтлэлээ босгож байна. 

Албаны эх сурвалж: Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг өнөөдөр /2020.09.23/ хүлээн авч уулзан, “Их Хуралдай” клуб байгуулах санал гаргав гэсэн мэдээ явж байсан даа, сайтуудад. Мэдээний дор бичигддэг сэтгэгдэл гэж авах юмгүй. Дан хараал, үзэн ядалт. “Ямар муухай царайтай авлигачин хулгайч төгцөгүүдийг цуглуулаа вэ?”, “Бүгд юу ч хийгээгүй хүмүүс. Хэрэв эд нар улс орныхоо төлөө ажиллаж байсан бол Төр нь авилгачдаар дүүрэн, ихэнхи иргэд нь ядуугийн ядуу ийм арчаагүй эх оронтой байхгүй байсан”, “Авилгачдын клуб байгуулах нь дээ. Энэ дотор чинь газрын наймаачин, авилгалын загалмайлсан эцэг, алтан бүст авилгалч зэрэг авилгалчдын шилдгүүд нь ирсэн байна”, “Яана даа энэ улс оронд хийж бүтээх хүмүүс нь цөөн, хулгайч авилгалчид нь олон байхаар бидний ирээдүй харанхуй байна”, “Төрийн хувалзууд авлигачин хулгайч мафийн дээрэмчид зогсоцгоож байна.Ууж идэцгээж ханасан бол эднийг одоо заазлах хэрэгтэй” гэх мэт хэдэн хуудас дүүргэхээр хараал урсана. 

Ганц л дүгнэлт байна. Ард түмнээрээ гэх нь хаашаа юм, ямар ч гэсэн улс төрчдийг хүн амын нэлээд хэсэг нь үзэн ядаж байна, хэн ч бай. Улс төрд зүтгээ л бол үзэн ядалтын галан шуурганд хуйхлуулах юм байна. Өнөөгийн эрх баригчдад ч хамаатуулж анхааруулж байна. Хүн амын тал нь ядуу ба ядуурахын даваан дээр, ихэнхи нь мөнгөгүй, зээлтэй өртэй байх аваас дээр заларсан хэн ч түүхэнд нэрээ мөнхөлж чадахгүй. Ядуурлаа архагшуулчихсан, ужиграсан ядуурлын цаана тэмцэж гарах эр зориг аль ч Ерөнхийлөгч, УИХ, аль ч Засгийн газарт дутагдаж ирсэний шан энэ шүү дээ.

Ерөнхийлөгч, Засгийн газар солигддог, явсан нь саарал нийгэм рүүгээ шингэж ороод, шинэ нь нэг хэсэг сортолзоод араас нь. Нэр цэвэр хүн үлдэхгүй. Өмнөх бүх улс төрчдийг ард нийтээрээ өширхөн үзэн ядаж байна! 

Би улс төрчдөд 100 хувийн буруу өгөхийн эсрэг хатуу байдаг хүн. Тэд их бага хэмжээнд буруутай байж мэдэх ч гол буруутан нь МОНГОЛ ХҮН та өөрөө гэдгээ цөхрөлтгүй бичиж байна, бичих ч болно. Танай гэрт дайрч ороод хөнжлийг чинь хуу татаад авилга нэхэж, мөнгө дээрэмдээгүй бол монгол хүн Та өөрөө л буруутай!

Хүний зам бартаатай, харин монгол хүний зам бүр их бартаатай, гэм нь бартааг монголчууд өөрсдөө бий болгодог. Амьдрах гэж ёстой нэг там туулж байгаа монголчууд лав нийслэлд маш их байна. Зурагтаар дэндүү их харуулж байна. Гэхдээ бурууг нь өөрсдөд нь өгчих зоригтон нэг ч байхгүй.

Зурагтын мэдээгээр голдуу үзүүлж байх юм аа. Захуудын энд тэнд суугаад гуйлга гуйдаг, хог зардаг хүмүүсийн зовлонг яриулж байнаа. Бөөн гомдол. Халуун цай ууж үзмээр байна, халуун хоол идэж үзмээр байна ч гэх шиг, юу юу гэнэ вээ. Нулимс мэлтэгнүүлэн яриад л.  Өрөвдүүлэх гээд л гонгиноод байгаа бололтой. Сэтгүүлчид ч эмзэг газрыг нь хөндөөд зовж зүдэрч байна уу, хэр зовж байна гэхтэй зэрэг л цаадуул нь ам хамхихгүй. Нэг л асуулт дутагдлаа. Сэтгүүлч тэдэнд хайр найргүй тавимаар. “Хэн Таныг ийм болгочихсон юм бэ?”, “Та яаж яваад ийм болчихсон юм бэ?”, “Буруутнаа нэрлээч ээ?”,  “Та өөрөө огт буруугүй юү” гээд асуугаад хариултыг нь авч чадахгүй байгаа учраас л гарчгаа би хатуурхаж өгсөн ухаантай. Уг нь “Та өөрөө л түмэн буруутай юм байна шүү дээ”, “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”, “Та гэр бүл үр хүүхдээ хар уснаас болоод өөрөөсөө холдуулчихсан байна шүү дээ” гэж ичтэл нь хэлээд, “Хохь чинь!” гээд дуусгах нэвтрүүлэг баймаар санж.

Одоо бол оо юм биш үү, 30 жил тэнэж төөрлөө, насны чинь ихэнхи хугацаа салхинд хийсчихлээ, үлдэх хугацаанд эх орноо, элгэн саднаа хамт хийсгээд хадан гэр рүүгээ хамт дагуулж явах гээгүй юм бол одоо ЗОГС! “Хохь чинь!” гээч. Энэ үгийг л сэтгүүлчид, хэвлэл, ТВ-үүд алхам тутамдаа хэлж ярьж ухуулж явмаарсан...                               

- Үргэлжлэл бий

 

 Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

 

 

 

 

Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!