Халдвартай нь батлагдсан тохиолдлууд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагуудаар явж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Халдвартай өвчтөн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр 2-3 удаа очиж үйлчлүүлсэн байна. Тиймээс өчигдөр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хяналтад авч, 100 гаруй ажилтнаас шинжилгээ авлаа. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гараад байна.

Мөн Хавдар судлалын үндэсний төвд халдвартай иргэн очиж үйлчилгээ авсныг тогтоож тухайн өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн 21 ажилтнаас шинжилгээ авсан. 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаад байгаа.

“Энэрэл” эмнэлгээр мөн халдвартай иргэн үйлчлүүлжээ. Тус эмнэлгийн 84 ажилтанд шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар шинжилгээний хариунууд сөрөг гараад байна.

Өчигдөр батлагдсан тохиолдлуудын нэг хүн нь ХУД-ийн цагдаагийн хэлтэст ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газрын 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг тусгаарлан ажиглаж байна” гэдгийг хэллээ.