Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 053 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажил орон даяар үргэлжилж буй.
Сорил гэдэг нь нэг ёсондоо хувь хүний үзүүлэлт, бие бялдрын хөгжлийг хянах хяналтын самбар юм. Тиймээс Спортын бэлтгэлийн төвөөс онцгой ач холбогдол өгөн, орон даяар хэрэгжүүлж буй бүх нийтийн сорилд өнөөдөр урлаг, спортын одод оролцохоор болжээ. “Аврагч” спорт хорооны зааланд 11.00 цагаас эл арга хэмжээ болох бөгөөд дуучин Д.Болд, жүжигчин Э.Ууганбаяр тэргүүтэй урлагийн одод, мөн Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга П.Сэрдамба, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Гавьяат тамирчин Н.Баярмаа нарын шилдэг тамирчид олон нийтийг уриалж, бие бялдрын сорил өгөх юм байна.

Гурван жилийн өмнө гаргасан “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил”-д одоогоор нийт хүн амын 30 орчим хувь хамрагдаад байгаа ажээ.
Э.Аюу