Стандарт, Хэмжил Зүйн Газрын албан ёсны цахим хуудсаар иргэн н.Ариунаагийн нэр төрд халдсан, түүнийг гүтгэсэн мэдээлэл 2018 онд гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан иргэн н.Ариунаа нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шүүхэд өгчээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр буюу 2019 оны 1-р сарын 24 өдөр болох байсан боловч хариуцагч Г.Гантөмөр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар хурал хойшлогдсон байна.

Эргэн сануулахад н.Ариунаа нь 2017 онд СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар АТГ болон Шадар сайдад гомдол, мэдээлэл өгсөн бөгөөд үүний дараахан СХЗГ-ын дарга Г.Гантөмөр тушаал гаргаж н.Ариунааг ажлаас нь халсан юм.  Иймд өөрийг нь өс хонзон авах зорилгоор хууль бусаар ажлаас нь халсан хэмээн иргэн н.Ариунаа үзэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд энэ асуудал одоо Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр явж байна. Мөн өөрийнх нь нэр төрд халдаж, гүтгэлээ хэмээн иргэн н.Ариунаа нь Зууны Мэдээ сонинг шүүхэд өгсөн бөгөөд 2018 оны 12-р сард Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ариунаагийн нэр төрийг сэргээх шийдвэр гарчээ. Тодруулбал Стандарт, Хэмжил Зүйн Газар (Г.Гантөмөр)-аас Зууны Мэдээ сонинд өгсөн мэдээ нь иргэн н.Ариунаагийн нэр төрд халдсан байх тул тараасан хэлбэрээрээ няцаах шийдвэр гарчээ.

Дашрамд дурдахад хэсэг иргэд СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг 2018 онд АТГ-т шалгагдаж байхдаа хуулийн байгууллагад хуурамч баримт, материал гарган өгч хэргээ хаалгасан байж болзошгүй гэж үзэн энэ хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна.