Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

2019 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, 30-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар