2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 25 дугаар байрны орцонд шувуу байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиход тус байранд шар шувуу байсан тул барьж, анхан шатны үзлэг хийхэд ямар нэгэн өвчин эмгэггүй, анзаарагдах гэмтэл бэртэл байгаагүй тул байгальд нь эргүүлэн тавьлаа.

Уг шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, ихэнх нь ганцаар амьдардаг шөнийн идэвхитэй шувууны тоонд багтдаг. Шар шувуу нь жижиг мэрэгч, хөхтөн бусад шувуу бөгөөд загасаар хүртэл хооллодог, нүд нь ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чадахгүй, толгойгоо 180-270 градус хүртэл хөдөлгөж эргэн тойрноо хардаг бөгөөд холын хараа сайтай ч ойр орчмоо тод ялгаж харж чаддаггүй, өчүүхэн төдий гэрэлд ч маш мэдрэмтгий шувуу юм. Хамгийн жижиг төрөл нь 31гр жинтэй, 13.5см байх бол томдоо 60-71см, 2м хүртэл далавчтай, 4.5кг хүртэл жинтэй байдаг байна.

Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө шалтгаалан жил бүр 2-12 ширхэг хүртэл өндөг гаргадаг байна.

Мэдээлэл өгсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн А.Одмаад талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.