Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 91.3 хувийн саналаар томиллоо.

 

Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ. 

 

Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.