Такси барьсан гадаад улсын иргэд дээрэмдүүлсэн хэрэг хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө гарчээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн саатуулсан  байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Б, Т нар нь уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. Гэмт этгээдүүд гадаад улсын хоёр иргэнийг биеэ авч явах чадваргүй, согтсоныг далимдуулан харанхуй гудамд аваачиж, гар утас, мөнгийг нь дээрэмдсэн гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Шалтгаан нь мөнгө хэрэг болсон гэж тайлбарлажээ. Тиймээс баярын өдрүүдээр иргэдийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, такси үйлчилгээний компаниар үйлчлүүлэх, удаан хугацаагаа гэрээ орхиж яваа тохиолдолд хаалга, цонхны бүрэн бүтэн байдлыг хангаж хөршийн холбоог сайжруулахыг цагдаагийн байгууллагаас  сэрэмжлүүллээ.