Шинийн 5-ны билэгт сайн өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ салбарынхаа  ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгуулж байна. Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулсан уг уулзалтад 150 гаруй ахмад хүрэлцэн иржээ.

МҮОНР-гийн сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн,  сэтгүүлч, яруу найрагч Э.Хархүү, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан До.Цэнджав, сэтгүүлч Х.Цэвлээ, сэтгүүлч Г.Жамъян, сэтгүүлч Б.Чимид, сэтгүүлч Г.Дамба, сэтгүүлч Д.Амбасэлмаа, сэтгүүлч Б.Хүрэлбаатар, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш Л.Норовсүрэн, “Сэтгүүлч” дээд сургуулийн ахмад багш Н.Даариймаа, ахмад сэтгүүлч Л.Гүнсэн нарын олон ахмад өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна.

Уг арга хэмжээг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ азай буурлууд, ахмад үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудынхаа шинэ оны мэндийг эрж, нохой жилээ амжилт бүтээл, азжаргал дүүрэн үдэж, шороон гахай жилээ элэг бүтэн сайхан угтаж, учран золгож буй  эрхэм буурлууд, ахмадуудынхаа  амар амгаланг айлтгалаа. Мөн тэрбээр “МСНЭ  68 дахь жилийнхээ түүхийг ийнхүү бичиглэж байна. 68 жилийн өмнө Монголын сэтгүүл зүйн салбарын томоохон төлөөлөгчдийн үүсгэн байгуулж, өнөөдөр бидэнд уламжлан авчирсан, Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төв байгууллагын  түүх ийнхүү зузаарч, дахин нэг онтойгоо золгож байгаад бид бүхэн баяртай байна. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17 дугаар их хурал ёслол төгөлдөр хуралдаж,  шинэ бүтэц бүрэлдэхүүнээ томилон ажиллуулж байна. Бидний залуус МСНЭ-ийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цааш нь үргэлжлүүлэн авч явах үүргийг хүлээгээд нэг жилийн ой яг өнөөдөр тохиож байгааг та бүхэндээ дуулгах нь зүйтэй. Нэг жилийн хугацаанд чамгүй олон ажлыг хийхийг зорьж, эхлүүлсэн ийм он байлаа” гэсэн юм.