2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Ц.Б гэх эмэгтэй  замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Б.Ө ыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн хэрэг гарсан байна.

Хэргийн газарт гэрчүүд байсан бөгөөд тэд мөрдөн байцаалтад энэ тухай мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг. Тухайлбал, Энэ хэргийг харсан гэрч Б.Б “...2018 оны 06 сарын 04-ний 02 цагийн орчимд хөдөө яваад гэрийнхээ гадаа иртэл автын байцаагч Б.Ө нэг замын цагдаагийн хамт манай гэр буюу 23-р байрны гадаа нэг эмэгтэй, нэг залуу 2-той маргалдаж байсан. Юунаас болж маргалдаж байсныг сайн мэдэхгүй. ..Тэгтэл тэр эмэгтэй Б.Ө тай маргалдаж байгаад салтаа руу нь өшиглөх шиг болж хөл нь сарвагнаж байсан Б.Ө ёо ёо эмзэг эрхтэн лүү өшиглөчихлөө гээд тонгойсон. Тэгээд өөр зүйл хараагүй гэрт орсон..." гэж мэдүүлжээ.

Болсон хэргийн талаар замын цагдаа Б.Ө: ..2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дэд ахлагч О.Д хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёрыг шинэ хорооны уулзвар дээр зогсож байхад дээрээс нэг машин ирж байсан. О.Д надад энэ машиныг зогсоогоод шалгаадахая гэж хэлсэн. Дөхөөд ирэнгүүт нь улаан бороохойгоор дохиход улаан цайм харсаар байж зогсохгүй явчихсан. Тэгэнгүүт бид хоёр араас нь явах уу? байх уу? гэж ярилцаж байгаад нэг газар очиж зогсох байлгүй гэж бодоод холоос дагасан. Дагаж яваад цагдаагийн байрны үүдэнд очоож зогсонгуут чанх ард талд нь тулж зогсоод машинаасаа гялс буугаад жолооч дээр нь очсон. Намайг очиход машины жолоон дээр С гэх залуу байсан. Тэгтэл машины арын суудалд сууж байсан Ц.Б гэх эмэгтэй гарч ирээд бид хоёртой хэрүүл маргаан хийсэн. Ц.Б намайг Гөлөг минь, п...а минь гэх мэтээр хэл амаар доромжилж миний биед халдаж төмсөг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Мөн миний хүзүүг багалзуурдаж хүзүү урсан.” Гэдгийг хэлсэн байна.

Харин цагдаа зодсон Ц.Б гэх эмэгтэй  шүүх хуралд: “Би 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Булган аймгийн Булган сумын Хатант зоогийн газарт ангийн Б , жолооч С бид 3 жаахан юм ярьж сууж байгаад Шинэ хороонд оччихоод Цагдаагийн байрны гадаа ирээд зогссон. Тэгтэл гадаа шуугилдаад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод буугаад очсон чинь 2 цагдаа ирсэн дуу нь өндөрссөн байсан. Тэгээд би хүүе яав ийв гээд очсон чинь Б.Ө цашаа бай чамд хамаагүй гээд намайг түлхсэн. Дахиад яав, ийв очтол 2 гараас бариад түлхсэн” хэмээн мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас маргалдаан үүссэн байна. Ингэхдээ Ц.Б нь  замын цагдаагийн биед гэмтэл учирсан бөгөөд энэ нь ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Б овогт Ц-ын Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Энэхүү шийдвэрийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх мөн хэвээр нь үлдээсэн.

Хууль сахиулагчийн тавьсан үүрэг, шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн бол хэн бүхэн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг бөгөөд үүний нэг жишээ нь иргэн Ц.Б болсон юм. Нийгмийн аюулгүй байдлын төлөө зүтгэж буй хууль сахиулагчийн тавьсан үүрэг, шаардлагыг биелүүлэх хэрэгтэйг анхааруулж байна.