Оросын Восток телеинформ сайтад Монголоос нийлүүлсэн хиам болон махан бүтээгдэхүүнээс гахайн мялзангийн халдвар илэрсэн талаар мэдээлжээ. 

ОХУ-ын Буриад улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны хийсэн шинжилгээгээр Монголоос нийлүүлсэн хиамнаас Африкийн гахайн мялзан өвчний /АГМӨ/ вирус илэрсэн тухай тус улсын Улаан-Үд хотын дарга сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

“Хоёрдугаар сарын 5-нд хүлээж авсан мэдээллээр, Хиагт боомтоор Монголоос оруулсан хиамнуудаас АГМӨ-ий вирус илэрсэн. Эдгээр хиамыг Улаан-Үд хот, мөн Жидинск, Кабан, Заиграевск, Сэлэнгэ, Хиагт, Курумканск, Закаменск, Баргажин дүүргүүдийн дэлгүүрүүдэд худалдаалжээ. Хүнсний уг бүтээгдэхүүнийг худалдаанаас татсан” гэж  хотын дарга хэлсэн байна.

Түүний хэлснээр, Буриад дахь Абсолют сүлжээ дэлгүүрийн салбарууд гахайн мялзан өвчний вирус илэрсэн гэх эдгээр бүтээгдэхүүнийг борлуулж байжээ. Үүнээс гадна тус компани нь Монголоос 8,1 тонн хиам болон зайдасыг "Хүнс Комплекс" компаниас худалдан авсан болохыг дурьдсан байна. 

ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар нэгдүгээр сарын 31-нээс эхлэн Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн болон тэжээл импортлохыг хоригложээ. Шинжилгээнд зургаан дээж хамруулахад нэгээс нь вирус илэрсэн бөгөөд шинжилгээг явуулах хугацаанд буюу хоёрдугаар сарын 1-нээс  5-ны хооронд 2,7 тонн зайдасыг дэлгүүрээр борлуулсан байжээ. Харин үлдсэн бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Түүнчлэн дээр хугацаанд уг бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэдээс барага буцаан авалт хийж, үнийн дүнг хоёр дахин нэмж эргүүлэн олгожээ. 

Эх сурвалжийг эндээс уншина уу