ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж Авлигатай тэмцэх газрын байрны үүдэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дөрөв дэх өдрийн орой буюу хоёрдугаар сарын 21-нд талийгаачийг аваачиж хорьсон байдаг. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч нь уулзах гээд очиход “Ганц худаг”-аас АТГ-ынхан аваад явсан байдаг. АТГ-ынхан талийгаачийг хойно харагдаж буй энэ байшиндаа авчраад бүтэн өдөржиннэг өрөөнд ганцаарчлан суулгасан байдаг. Энэ бол эрүүдэн шүүлт. 68 настай эмэгтэй хүнийг бүтэн өдөржингөө нэг өрөөнд суулгасан. Тэнд юу болсныг бид мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, комиссарууд орж дарамталсан. Хүүхэдтэй нь холбоотойгоор дарамталсан үйл явдал болсон байгаа. Өнөөдрийг хүртэл талийгаач тус өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан талаар мэдээллийг авч чадаагүй байгаа.

 

Тэгэхээр хүний эрхийг Монгол Улс уландаа гишгэсэн, АТГ гэдэг юунд ч дийлддэггүй байгууллага гараад ирлээ. Уучлалт гуйхын оронд “Авлига өгч байгаад баригдсан” гэх утгатай зүйл яриад байж байна.

 

Хүнийг хууль бусаар 24 цагаас илүү хугацаагаар хорьсон үйлдлээ хаацайлах зорилгоор энэ хүнийг хэрэгт холбогдсон мэтээр, амиа хорлосон мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. АТГ, ШШГЕГ зэрэг Монгол Улсын төрийн байгууллагын ажилчид нийлж байгаад хүний аминд хүрчихлээ. Тэгсэн хэр нь өнөөдөр инээгээд л ажлаа хийгээд явж байна.

Цагдаагийн байгууллагад АТГ бичлэгээ өгөхгүй байгаа. Өрөөнд ямар үйл явц болсон талийгаачийг хэрхэн дарамталсан бичлэгийг өгөхгүй байгаа тул хардаж байна. Хуулинд сэжигтнийг өмгөөлөгчтэйгээ уулзах эрхээр хангах ёстой. Гэтэл пүрэв гарагийн 00.40 цаг хүртэл өмгөөлөгч нь сахиад уулзаж чадаагүй. Баасан гарагт өмгөөлөгч нь ирээд өдөржин хүлээсэн" гэлээ.